Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, МХЕГ-ын дарга Б.Баасандорж нартай уулзаж, дээрх байгууллагуудын сүүлийн үед хийж буй ажлын явцыг шалгаж, хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.
МЭЕГ-ын дарга Д.Батчулуун “Одоогоор Булган, Хөвсгөл, Завхан аймагт шүлхий өвчний халдвар ихээр тархаад байна. Манай байгууллагаас 21 аймагт мэргэжилтнүүд малын вакцинжуулалтад ажиллаж буй. ОХУ-аас маргааш 3.5 сая, гуравдугаар сарын 25-нд дахиад 3.5 сая вакцин оруулж ирэхээр болсон. НҮБ-ын төслийн хүрээнд 4.6 сая вакцин авахаар хэлэлцэн тохирсон.” гэсэн юм.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Малын эрүүл байдал монгол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Тиймээс вакцинжуулалтыг түргэвчлэх шаардлагатай. Мөн зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажилд МХЕГ хяналт тавьж ажиллах шаардлагатай байна. Өнгөрсөн жил малын сэг зэмийг устгах ажилд анхаараагүйгээс малын товруутах өвчин дэгдэх нэг хүчин зүйл болсон. Одоо байгаа вакцинаар ирэх сарын 25 гэхэд 5 сая үхэр сүргийг дархлаажуулах шаардлагатай байна” гэлээ.
Мөн өмнө нь МЭЕГ-аас малд хийх вакциныг хөдөө орон нутагт хуваарилаад, малчдад даатгаад орхидог байсан. Үүнээс болж малчид дархлаажуулалтыг орхигдуулж, халдварт өвчин тархах шалтгаан болдог. Иймд мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд хамтарч, өөрсдөө хяналт тавьж, гардан ажиллахыг үүрэг болгосон юм.