Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой мэдээлэл нийгэмд нэлээдгүй шүүмжлэл дагуулж байна. Хүмүүсийн анхааралд өртөж, нийгмийн сэдэв болох нь ч аргагүй.
Жирийн иргэний хувьд банкнаас зээл авахын тулд байгаа бүх хөрөнгөө барьцаалан байж түүнийхээ талд ч хүрэхгүй зээлийг бараг “ломбард” буюу барьцаалан зээлдүүлэх төвийн ханшаар хүүг нь тооцуулан авч сар бүр эргүүлэн төлдөг.
Зээлдэгч иргэн сар бүр зээлийн эргэн төлөлтөө нэг хоног ч хоцроохгүй төлөх хүндхэн “даалгаврыг” биелүүлэх гэж цаг хугацаатай уралдан борив бохисхийлгүй ажиллана. Учир нь банкны эргэн төлөлтөө нэг хоног, нэг сараар л хоцроовол байдаг бүх эд хөрөнгөө “тавиад туухдаа” тулна.
Өөрөөр хэлбэл, орон байраа барьцаалсан бол зээлээ төлж чадахгүйд хүрвэл эхнэр хүүхдээ дагуулаад гудамжинд, малаа барьцаалсан малчин нь хотоо харлуулан голоо зогоох зүйлгүй үлдэнэ гэсэн үг.
Түүгээр ч зогсохгүй банк найдваргүй зээлдэгчээр цоллуулан, монгол банкны мэдээлэлд нэрээ бичүүлж, дахин зээл авч чадахгүйд хүрч, гэмт хэрэг үйлдсэн шиг бусдад гадруурхагдахдаа тулна.
Гэтэл энэхүү чанга хатуу хууль зөвхөн энгийн иргэдэд, мөрөөрөө амьдарч яваа хүмүүст л хүчтэй үйлчилдэг болохоос эрх мэдэлтэн, улс төрчид, тэдний хүрээнийхэнд үйлчилдэггүй болохыг Хөгжлийн банкны дуулиан олон нийтэд ил болголоо.
Уг нь жилийн өмнө буюу 2021 оны нэгдүгээр сард УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хөгжлийн банкийг хуйвалдааны банк болсон талаар сануулж хэлж байж.
Тодруулбал, тэрбээр 2021.01.28-ны өдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр төрийн өмчийг үнэгүй авчихдаг, төрөөс барьцаагүй, хүүгүй зээл аваад төлдөггүй, хаа сайгүй төрийн өмчид гараа дүрдэг луйврыг цэгцлэх цаг болсныг анхааруулсан байдаг.
С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Эрдэнэтийн 49 хувийн асуудал шүүхээр шийдэгдэж эцэслэгдсэн. Гэтэл Эрдэнэтийн охин компани болох Медипас компани 49 сая ам.доллараар /өнөөдрийн ханшаар бол 140 орчим тэрбум төгрөг/ 300 ортой эмнэлэг барьсан. Францийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэ эмнэлэгийг менежментийн хувьчлал нэрээр, 50 айлын орон сууцны хамтаар үнэгүй авчихсан. Мөн 2 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс жил бүр авдаг. Буцаагаад 1.5 тэрбумыг нь Эрдэнэт үйлдвэрт төлбөр хэлбэрээр төлдөг.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэр байна. 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан. Одоо тийм үнэтэй таун хаус ч орон нутаг, нийслэлд байхгүй. Улсын аж үйлдвэрийн ууган голомтуудын нэг тус үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр авчихаад 60 сая ам.долларын /300 орчим тэрбум төгрөг/ зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Тэрийгээ төлдөггүй. Дээр нь татвар, нийгмийн даатгалын 20-аад тэрбум төгрөгийн өртэй. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр байна…, Хөгжлийн банк Хувайлдааны банк болчихсон. Өгсөн зээлийнхээ араас явдаггүй, Үүнийг хууль хяналтын байгууллага, төрийн өмчийн хороо анхааралдаа авч ажиллах ёстой” хэмээн нэлээд жинтэйхэн хэлж, сануулж анхааруулж байжээ. Гэвч хэн ч ойшоогоогүйн балгаас төрийн өмчид гар дүрэгсдийн хууль бус луйвар дахин бүтэн жил дарагдаж, улсад учирч буй хохирол тэр хэрээр улам л нэмэгдсэн байна.
Түүний хэлсэн үгнээс хойш бүтэн жил гаруй хугацаа өнгөрсөн ч хууль хяналтын байгууллага, Хөгжлийн банк аль нь ч таг чимээгүй байснаа гэнэтхэн хэдхэн хоногийн өмнөөс хугацаа нь хэтэрсэн 26 зээлдэгчийг нийтэд зарлав.
2016, 2017 оноос хойш зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжийн толгойг илж 4-5 жил явсан нь “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” болох чанаргүй зээлдэгчдийн ард улстөрчдийн нөмөр нөөлөг байснаас л тэр. Эс бөгөөс жирийн иргэн байсан бол дээр хэлсэнчлэн аль хэдийнэ хамаг эд хөрөнгөө хураалгаж, шоронгийн хаалга татахдаа тулсан байх нь дамжиггүй.
Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн уурхай, эх үндэс болох хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх зорилготой Хөгжлийн банк ийнхүү хэлж ярьж сануулсаар байтал улстөрчдийн утсан хүүхэлдэй, мөнгө угаах хэрэгсэл болжээ.
Цаашдаа хууль эрх мэдэлтэн, энгийн иргэнд хэрхэн үйлчилдэгийг Хөгжлийн банкны үйл хэргээс харах л үлдлээ.