XVII жарны усан бар жилийн Сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй, амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр гардуулан өгөв.
Дипломат албанд 37 жил ажилласан 80 настай Ж.Чулуунхүү, цэрэг армид олон жил ажилласан, ахмад бэлтгэл офицер А.Ганхуяг болон ахмад ажилтан Д.Гайдансүрэн, Ш.Цэцэгээ нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан бол боловсролын салбарт 43 жил ажилласан орос хэлний багш О.Цогзолмаа, Дулааны станцад 40 жил ажилласан Ш.Пүрэвдорж, 100 жилийн түүхтэй Налайхын уурхайн засварчнаар 32 жил ажилласан Л.Ширэндэв, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад сувилагч Л.Халтар, Налайхын уурхайн бэхэлгээчин Ц.Лхаасүрэн нарын зэрэг 15 хүнд "Алтангадас" одон, мөн ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын, тасгийн дарга, хошууч Б.Нямдоржийг Цэргийн хүндэт медалиар тус тус шагналаа.
Шагнал гардуулах үеэр Шадар сайд С.Амарсайхан тэдэнд хандаж “Төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж буй Та бүхний дунд Дипломат албанд 37 жил ажилласан ахмад дипломатч Жанцандоржийн Чулуунхүү гуай, Налайх дүүргийн 100-р сургуульд 43 жил орос хэлний багшаар ажилласан Осорын Цогзолмаа багш маань, Дулааны станцад 40 жил ажилласан Шагдарын Пүрэвдорж гуай, 100 жилийн түүхтэй Налайхын Их уурхайн засварчнаар 32 жил ажилласан Лувсанзундуйн Ширэндэв нарын зэрэг хүндтэй ахмад буурлууд байгаад нэн таатай байна.
Мөн халдварт цар тахлын үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг аливаа аюул эрсдэлээс сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан Цагдаа, Онцгой, Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууддаа халуун талархал илэрхийлье.
Та бүхэн халдварт цар тахлын нөхцөл байдлыг ойлгож, гэр гэртээ шинэлж, цахимаар золгохыг уриалъя” хэмээв.