Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.01.14/ хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталж, уг хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 53 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулан байгуулсан гэж танилцуулгад дурджээ.
Ажлын хэсгээс салбарын яам тус бүр хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох Ажлын хэсэг байгуулж, судалгаа хийх;
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх талаар аймаг, нийслэлийн нутгийн өөрийн удирдлагын байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргаас тус тус санал авах;
-хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох судалгааны дүнд үндэслэн хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах чиглэлээр ажилласан байна.
Хуулийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох судалгааг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 586 хуульд дүн шинжилгээ хийх замаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлэх шаардлагатай 127 хууль байгааг тодорхойлж, эдгээр хуулиудад нийт 527 зөрчил, 173 хийдэл байгааг тогтоосон. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай эдгээр хуулиудыг нийцүүлэх, хуулийн зөрчил, хийдлийг арилгах зорилгоор хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл 3, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 28, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 95, нийт 127 хуулийн төслийг боловсруулсан гэдгийг танилцуулгад дурдсан байв.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д хууль тогтоомжийн нэр томьёог жигдлэх, орон нутгийн чиг үүрэг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэрэгжүүлэх чиг үүрэг болон нутгийн өөрийн удирдлага, төрийн удирдлагын эрх хэмжээ, бүрэн эрхтэй уялдуулах, нарийвчлан тусгах, байгаа зохицуулалтыг нийцүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсныг дурдаад Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай хамт баталсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгох үндэслэл, “нийслэл, сум” гэснийг “сум, нийслэл” гэж өөрчлөх шаардлага байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан гэж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарчмын нэг өөрчлөлт бол орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болон хөгжихөд түүний эдийн засаг, санхүүгийн үндсийг бүрдүүлэх зохицуулалт байсан бөгөөд үүнтэй холбоотой 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Татварын ерөнхий хуульд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгохоор оруулж ирсэн хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад анхаарах талаар саналаа илэрхийлсэн гэж байлаа.
Хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, дэд дарга У.Бямбасүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Энхбаяр, Д.Ганбат, Ц.Туваан, Б.Баярсайхан, Ж.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан бусад хууль тогтоомжийг нийцүүлэх хуулийн төслүүдийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн асуудлыг тодорхой болгож өөрчилсөн хуулийн төсөл боловсруулсан эсэхийг тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ц.Туваан нарын зүгээс шинэ оноос хэрэгжих хуулийн хүрээнд баг, хорооны Иргэний Нийтийн Хурлыг хэрхэн зохион байгуулахаар болсныг илүүтэй лавлаж байлаа.
Ажлын хэсгийн зүгээс 127 хуулийн төсөлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл багтаагүй бөгөөд уг хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллаж байгаа гэв. Мөн баг, хорооны Засаг даргын дийлэнх нь сонгогдсон. Ковидын нөхцөл байдлын улмаас асуудал сунжирсан тал бий. Бид зөвлөмж өгнө. Энэ дагуу сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас хуулийн хүрээнд баг, хорооны Иргэний Нийтийн Хурлын эхний хурлыг зохион байгуулж, зарлан хуралдуулна гэх хариултыг өглөө.
Харин Монгол Улсын сайд Ц.Нямдорж хариултдаа, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тухай гэсэн хоёр хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Эхний төсөл нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, хоёр дахь төсөл Хууль зүй, дотоод хэргийн яаманд хэлэлцэгдэж байгаа. Эдгээр хуулийн төслийн бэлтгэл ажлыг хангаж, Улсын Их Хурлын хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ гэдгийг тодотгов.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар 127 хуулийн төслийг үзэл баримлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
“Журам батлах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжлүүлэв
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 202- оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нар тус тус танилцууллаа.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмуудын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.
Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 53 дугаар захирамжийн 4 дэх заалтаар Монгол Улсын засаг захиргаа, нутагдэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Улсын Их Хурал, Засгийн газар батлахаар заасан журмын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад үүрэг болгосны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж танилцуулгад дурджээ.
Журмын төслүүдэд дараах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.Үүнд:
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төсөлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нэгжийн иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах, иргэдийн саналыг авах, дүнг мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар;
2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах үндэслэл, эгүүлэн татах асуудлыг санаачлах, эгүүлэн татах санал хураалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар;
3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын төслөөр Зөвлөл нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар тусгажээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эдгээр эрх зүйн актуудын төслийг тус газрын дэргэдэх “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийн дэмжлэгтэйгээр Удирдлагын академийн багш, судлаачдыг татан оролцуулах замаар боловсруулж, журмын төслүүдийг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, Нарийн бичгийн дарга, төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллага, шинжээч, эрдэмтдийн дунд хэлэлцүүлж, уулзалт, хэлэлцүүлгээс гарсан саналыг зохих журмын дагуу тусган ажилласан гэж төслийн танилцуулгад дурдсан байв.
Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын засаг захиргаа, нутагдэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт нэг мөр хангагдах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн, төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй бөгөөд нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд заасан гурван журмыг батлах хэрэгцээ, шаардлага, хугацааны талаар, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангах чиг үүргийн биелэлтийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтад заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтийн талаар төсөл боловсруулах ажлын хэсэгт тухайн нэгжийн төлөөллийг хэрхэн сонгож оруулах талаар, тогтоолын төслийн хоёрдугаар хавсралтын иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах асуудлаар санал хураалтыг товлон зарлах болон сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэхтэй холбоотойгоор журамд заасан хугацаа нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байгаа талаар, эгүүлэн татах асуудлаар гаргасан саналд хяналт тавих, санал хураалт явуулах зардлын эх үүсвэр, санал хураалтын хороог байгуулах бүрэлдэхүүний зохицуулалтын талаар асуулт асууж, хариулт авсан.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Энхболд нар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан батлах, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”-ын төслүүдийн зарим зохицуулалтыг нарийвчлах, тодруулах шаардлагатай талаар саналаа илэрхийлсэн. “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 70 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг санал, дүгнэлтдээ онцлов.
Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Туваан, Н.Наранбаатар, Н.Энхболд, Ё.Баатарбилэг, Ц.Идэрбат, Б.Энхбаяр. Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, санал хэллээ.
Гишүүдийн зүгээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Хурлын сонгуулийн нэг тойргийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа, Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн 10-аас доошгүй хувь нь гарын үсэг зурж, хамтын санал гарган тухайн тойргоос сонгогдсон Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах асуудлыг санаачлах эрхтэй гэж тусгасан асуудлыг илүүтэй хөндөж, дэмжсэн дэмжээгүй байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг “Иргэдийн 10-аас доошгүй хувь нь гарын үсэг зурж, тойргоос сонгогдсон Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах босго тогтоовол энэ нь орон нутагт эцэс төгсгөлгүй улстөржилт, маргаан үүсэх, төлөөлөгчдийг байсхийгээд татдаг нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Хурлын төлөөлөгчийг эгүүлэх татах тухай энэ журам нь цаашлаад бүтэн дөрвөн жил сонгууль үргэлжлэх сөрөг үр дагавар үүсгэх, улмаар улс, орон нутгийн төсөв нь тэдгээр олон сонгуулийн зардал, хүн хүчийг гаргаж дийлэхгүй нөхцөл байдал үүсэх тул тогтоолд тусгасан эхний хоёр журмыг буцаая” гэсэн саналтай байлаа.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төслийг эргэн харах шаардлагатай гэсэн гишүүдийн эргэлзээ, болгоомжлолтой санал нэг байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Улсын Их Хурлын гишүүний л эгүүлэн татах асуудлыг хөндсөн. Гэхдээ энэ нь Иргэдийн Хурлын төлөөлөгчдөд хамаарах асуудал байхгүйг тодотгов. Мөн тэрбээр, 2020 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд "Төлөөлөгчийн үүргээ биелүүлэхгүй байгаа бол тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар төлөөлөгчийг эгүүлэн татна. Энэ хуулийн 42.1-д заасны дагуу эгүүлэн татах журмыг Улсын Их Хурал батална" гэж заасан. Улсын Их Хурлын 45 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газраас журмын төслийг боловсруулсан. Журамдаа сонгогчийн 10 хувь санал гаргавал эгүүлэн татах асуудлыг хөндөж эхэлнэ. Улмаар сонгогчдын олонх нь дэмжвэл эгүүлэн татна. Сонгогчийн тал хувь нь эгүүлэн татахад оролцоогүй бол төлөөлөгчийн эгүүлэн татаагүйд тооцно гэж тусгасан хэмээн тайлбарлаж байлаа.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хэлсэн үгэндээ, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийн эгүүлэн татах асуудал маргаан дэгдээж, олон талаас нь ярилцсан. Байнгын хорооны ажлын албанаас уг асуудлыг хууль журмын хүрээнд шийдвэрлэх ямар боломж байгааг тодруулаад, бид зарчмын хувьд нэг ойлголцолд хүрсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төслүүдийг хэлэлцэлгүй орхих, эсвэл тусад нь нягталж хэлэлцэх, харин Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын төслийг яаралтайгаар хэлэлцэн баталж болно гэж ярилцсан гэдгийг онцлон тэмдэглэв.
Ингээд “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Уг асуудлыг тус Байнгын хороо ирэх долоо хоногийн даваа гарагт хэлэлцэхээр тогтлоо.
Хуралдааны төгсгөлд зарим хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонссоноор чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.