“Төрийн худалдан авах ажиллагаа-2022” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн яам, БШУЯ, БХБЯ, Төрийн худалдан авах ажиллагааны газар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 359 дүгээр тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан. Энэ дагуу Улсын төсөв батлагдсанаас хойш 15 хоногийн дотор буюу 2022 оны төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хийгдэх, 100 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулна.
Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Өмнө нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын тендер оройтож, хэн хариуцаж буй нь тодорхой бус, хийгдэх ажлыг чанаргүй гүйцэтгэсэн зэрэг асуудлууд гардаг байсан. Энэ удаад дээрх асуудлуудыг гаргахгүй байх үүднээс цахим хэлбэрт шилжүүлж, цаг хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтууд хийгдэж, аж ахуйн нэгжүүд нээлттэй оролцох, төрийн хүнд суртлыг багасгах, гүйцэтгэлийн чанарт ахиц гарч, хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан аж ахуйн нэгжүүд гэрээний гүйцэтгэлийг эрчимжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг чанаргүй хийсэн, сэтгэлгүй хандсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, 3 жилийн хугацаагаар тендерт оролцох эрхийг нь хязгаарлаж, хар жагсаалтад оруулна. Одоогоор эрхээ хязгаарлуулсан буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа” гэлээ.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өдөрт дунджаар 64 тендерийн урилга зарлагдаж, жилд 21000 орчим тендер шалгаруулалтыг энэхүү системээр дамжуулан зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн дотор зохион байгуулж дуусгахыг холбогдох төрийн байгууллагуудад өгөөд байна. Цаашид төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах, эх оронч худалдан авалтыг дэмжиж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгахын тулд хуульд шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.