Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Шүүхийн өрөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

 

Хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.02) үдээс өмнөх хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр 10 цаг 16 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулав.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2021 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг тус Байнгын хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа явуулж,  нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

 Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

ШЕЗ-ийн шүүгч бус тав дахь гишүүнийг томиллоо

Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав.

 Хууль зүйн байнгын хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэж, нэр дэвшигч бүрээр санал хураалт явуулсан бөгөөд Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Навагчамбын Баасанжав, Дашпунцагийн Эрдэнэчимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Улсын Их Хурлын 2021 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Навагчамбын Баасанжав нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсон бол Дашпунцагийн Эрдэнэчимэгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилно.” гэж, 77.8 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилохоос татгалзсан бол ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдээс дараагийн хамгийн олон санал авсан хүнийг энэ хуулийн 77.4.5-д заасны дагуу Улсын Их Хуралд нэр дэвшүүлнэ.” гэж заасныг баримтлан Дорждамбын Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасны дагуу санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигч Дорждамбын Зүмбэрэллхамыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

 Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Ганбат, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам, ажлын хэсгийн гишүүн О.Мөнхсайхан нар хариулт өглөө. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 40 гишүүний 29 нь 72.5 хувийн саналаар нэр дэвшигч Дорждамбын Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжсэн. Ийнхүү гишүүдийн олонх нэр дэвшигчийг дэмжсэн тул “Шүүхийн өрөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан эцсийн найруулгыг уншиж, танилцуулсан юм.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг явуулж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны аравдугаар сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Байнгын  хорооны 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Х.Ганхуяг, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Байнгын  хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хуулийн төслийн нэр томьёог жигдлэх, хуулийн дагаж мөрдөх хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэхээр санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Б.Баттөмөр гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Х.Баделхан, Д.Өнөрболор, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан, Э.Батшугар, Б.Энх-Амгалан, Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.

Гишүүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа энэ олон жилийн хугацаанд идэвхгүй байсны шалтгааныг лавлаж, чөлөөт бүсийн эрх зүйн орчныг нэгтгэн дүгнэж, шинэчилсэн сайжруулах шаардлага бий гэдэг саналыг хэлж байв. Түүнчлэн хэлэлцэж буй төслийн хүрээнд боомтын дэглэмийг зурвас болгон өөрчилж, газар эзэмшүүлэхгүй байх зохицуулалтай болгож буй шалтгааныг тодруулсан. Чөлөөт бүсийн хөгжлийн концепц талаасаа ашиглуулах нөхцөлөөр хөрөнгө оруулалтыг татах боломжгүй хэмээн үзэж буйгаа Д.Өнөрболор гишүүн хэлээд энэ талаарх төлөвлөгөө, төлөвлөлтийг ажлын хэсгээс тодруулсан. Чөлөөт бүсэд газрыг эзэмшүүлэхээр тухайн газрыг эзэмшиж буй компаниуд газраа бусдад шилжүүлэхдээ компани болон газраа хамтад нь шилжүүлж байгаа асуудал үүсдэг байна. Түүнчлэн үйл ажиллагаа явуулахгүй, дундаас нь ашиг олох зорилгоор чөлөөт бүсэд газар эзэмших асуудлыг таслан зогсоох зорилгоор дээрх зохицуулалтыг хийсэн гэв. Иймд газрыг эзэмшихгүйгээр, ашиглах нөхцөлтэй болгосон нь одоо байгаа нөхцөлийг сайжруулах зорилготой, хөрөнгө оруулагчдад дэмжлэг болохуйц зохицуулалт гэдэг тайлбарыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлсэн.

Дэлхийн эдийн засгийн хүндийн төв шилжиж байгаа энэ цаг үед Монгол Улс газар зүйн байрлалаа ашиглан,  хуурай боомтыг хөгжүүлэх боломж бий гэдгийг Д.Өнөрболор гишүүн тэмдэглэж, холбогдох талууд энэ чиглэлд ямар бодлого баримталж байгаа талаар асууж, хариулт авав. Засгийн газраас энэ чиглэлд холбогдох тооцоо, судалгаа хийж байгаа гэдгийг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хариулт өгөв. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдын гадаадаас оруулж ирэх ажиллах хүчин квот тогтоох нь оновчгүй гэдэг байр суурийг Б.Дэлгэрсайхан гишүүн хэлсэн. Э.Батшугар гишүүн чөлөөт бүсүүдэд эдийн засгийн кластеруудыг хөгжүүлэх, технологийн компаниудыг татах бололцоо байгаагаа ашиглахгүй, дэд бүтцийг нь бий болгохгүй байгааг шүүмжиллээ. Мөн чөлөөт бүсүүдэд банкуудын үйл ажиллагаа явуулж, үр ашгийг нь дотоодын эдийн засагтаа татах боломжууд байгааг ашиглахгүй байгааг лавлаж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Технологийн компаниудыг Монгол Улс дахь чөлөөт бүс рүү татахын өмнө эрчим хүчний найдвартай, хараат бус хангамжтай болгох тэргүүтэй дэд бүтцийг бий болгох нь нэн чухал гэдгийг ажлын хэсгээс тайлбарлаад Дөргөний усан цахилгаан станц, ОХУ-аас авч буй импортын эрчим хүч, мөн удахгүй ашиглалтад орох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад түшиглээд Цагааннуур чөлөөт бүс нь энэ чиглэлээр хөгжүүлэхэд нэн тохиромжтой гэв. Түүнчлэн байгаль цаг уурын нөхцөл болон газар зүйн байршлын хувьд нэн тохиромжтой гэдэг байрыг хэллээ. Алтанбулаг боомтын хувьд эрчим хүчний дэд бүтцээс үүдэн ямар нэг үйлдвэрлэл явуулах боломжгүй гэдгийг хэллээ. Ийнхүү гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.

 Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулжээ. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 8 санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Тухайлбал, Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журмыг Засгийн газрын гишүүн баталдаг байх, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт “хуулийн этгээд зөрчил үйлдээгүй” гэсэн томьёоллыг “Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлд заасан зөрчил үйлдээгүй” гэж илүү нарийвчлан тусгах агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжжээ. Мөн гадаадад байгаа иргэдийн нийтлэг эрх, ашгийг Дипломат албаны тухай хуулиар хамгаалж байгаа тул Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар зөвхөн хөдөлмөрийн атташегийн тусгай орон тоо бүхий Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын чиг үүрэгт хөдөлмөрийн гэрээгээр явсан Монгол иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлийг тусгахыг, гадаад ажилтны ажпын байрны ангилал дахь олон улсын байгууллагын төрлийг илүү оновчтой тодорхойлж олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдах ажилтан, ажилтан, сайн дурын ажилтан гэж тусгахыг тус тус дэмжсэн байна.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн салбараар жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр Засгийн газар тогтоох, ажлын байрны төлбөрийг хөнгөлж, чөлөөлөх асуудлыг хуулиар зохицуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийн 22.2.1,22.2.3,22.3.1,23.5-д заасан гадаад ажилтан болон боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах эмч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн багш, дасгалжуулагч авч ажиллуулах ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болох зэрэг саналууд багтсан болно.

Дээрх гүйцээн боловсруулах зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн зарим саналыг нийцүүлж өөрчлөх, үг нэмэх, хасах шаардлага үүсчээ. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасныг баримтлан зарчмын зөрүүтэй 4, найруулгын 3 саналаар санал хураалт явуулан шийдвэрлсэн болохыг санал, дүгнэлтэд дурдсан юм.

 Түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэнтэй холбогдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлсэн байна. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар гадаад ажилтны ажлын байрны ангилалын талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа аж ахуйн нэгж, байгууллага ажилтнуудаа гадаадад мэргэжил дээшлүүлэх, ур чадварыг нь сайжруулах зорилгоор явуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэх талаар асуулт, асууж хариулт авсан бөгөөд хууль санаачлагчаас хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авахаа мэдэгдсэн гэв.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжпэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг М.Оюунчимэг санал, дүгнэлтдээ танилцуулсан.

Дээрх танилцуулгын дараа Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар татан авч байгаа талаарх мэдэгдлийг танилцууллаа. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй 15 саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, М.Оюунчимэг харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.

Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны арван нэгдүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэнтэй холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэв. Байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан явуулсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул холбогдох хуулийн зохицуулалтын дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг М.Оюунчимэг гишүүн гаргажээ. Уг саналыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг М.Оюунчимэг гишүүн танилцууллаа.

Санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хороо дэмжсэн саналыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжсэн тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

 Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцууллаа.

Үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ололт амжилтыг бататган бэхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдөр, Үндсэн хуулийн цэцээс 2021 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдөр тус тус Улсын Их Хуралд ирүүлсэн санал болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулжээ. Байнгын хороо уг асуудлыг Лхагва гарагийн (2021.12.01) хуралдаанаараа хэлэлцсэн байна. Улсын Их Хурлаас 2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан байдаг.

Үндсэн хуулийн 5 болон 10 жилийн ойг Улсын Их Хурлын тогтоолоор, 25 жилийн ойг Ерөнхийлөгчийн зарлигаар тус тус тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байгаа бөгөөд “Төрийн ёслолын журам батлах тухай” Ерөнхийлөгчийн 2015 оны 119 дүгээр зарлигаар тэгш ой тохиосон жил Үндсэн хуулийн өдрийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр заасан байдгийн мөн санал, дүгнэлтэд дурдсан.

Төрийн байгуулалтын байнгын хорооны асуудлыг Лхагва гарагийн (2021.12.01) хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг дэмжсэн гэдгийг Г.Ганболд гишүүн танилцуулсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан эцсийн найруулгыг уншиж, танилцуулав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан