Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн өнөөгийн байдал, хэрэгжиж буй эх үүсвэрүүдийн төсөл хөтөлбөр”-үүдийн талаар салбарын эрдэмтэн багш судлаач, төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр компаниудын захирал, ахмад үеийн төлөөлөл нартай чөлөөт уулзалт, ярилцлага хийв.
Уулзалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хаах шинэ эх үүсвэр барих, дулааны шугам сүлжээний өргөтгөл хийх, оргил ачааллын үед ажиллах бага чадлын шинэ эх үүсвэрүүдийг хотын захын цэгүүдэд барих, салбарын найдвартай ажиллагааг хангах, үнэ тариф, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд зэрэг олон чухал асуудлыг хөндөснөөрөө ач холбогдолтой байлаа.
Сайд Н.Тавинбэх уулзалтын төгсгөлд санал, зөвлөгөө өгсөн хүмүүст талархал илэрхийлэхийн сацуу 1978, 1991 онуудад Улаанбаатар хотын дулаан хангамжид тулгарч байсан хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн даван туулж байсан тухай үнэтэй зөвлөгөө, санал өгсөн эрчим хүчний салбарын ахмадууддаа дахин талархал илэрхийлж, ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт боллоо гэж дүгнэлээ.