Төр- Улаан загалмайн хамтын ажиллагааны үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр болж, ирэх онд төр засагтай хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ. Монголын Улаан Загалмайн нийгэмлэг нь 1939 онд Улсын бага хурлын шийдвэрээр байгуулагдаж, 80 гаруй жил хүмүүнлэгийн чиглэлээр төр засагтаа нэмэлт хүч болж ажиллаж ирсэн, манай улсад болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Үндэсний хүмүүнлэгийн байгууллага юм.
Монгол Улсын Засгийн газраас 2016 онд ‘’Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай’’ тогтоол гаргаж, Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийг үндэсний болон орон нутгийн түвшинд байгуулахаар шийдвэрлэсэн.
Шадар сайдын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 109 дүгээр тушаалаар Төр-Улаан Загалмайн хамтын ажиллагааны Үндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгууллаа. Зөвлөлийн гишүүдэд ГХЯ, БШУЯ, ХНХЯ, Сангийн яам, ЗТХЯ, ЭМЯ болон ОБЕГ, Шадар сайдын Ажлын албаны төлөөлөл багтаж байна.
Анхны хурлаар 4 үндсэн асуудлыг хэлэлцэхээр танилцууллаа. Үүнд:
• Монголын улаан загалмайн нийгэмлэгээс 2021 онд хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажилласан тухай
• Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд БШУЯ, ХНХЯ, ЭМЯ, ЗТХЯ, ОБЕГ-аас хэрэгжүүлсэн ажил, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналын тухай
• Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлөөс 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай
• Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд эрчимжүүлэх талаар үүрэг, даалгавар өгөх тухай гэсэн асуудлыг хэлэлцсэн юм.
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа авч хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл хийлээ. МУЗН нь төртэй 6 үндсэн чиглэлээр хамтарч ажиллахаас гадна олон нийтийн оролцоонд тулгуурлан хүмүүнлэг, гамшгийн эрсдэлийг бууруулахад голлон анхаарч ажиллажээ. Мөн 2030 он хүртэл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан байна. Сүүлийн хоёр жилд коронавируст халдварыг бууруулах, зорилтот бүлгийн иргэдэд туслах чиглэлд 450 гаруй сайн дурын идэвхтнүүдийг ажиллуулжээ. 21 аймгийн 7000 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн байна.
Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан зөвлөлийн гишүүдэд зарим үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- ЭМЯ-нд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, нийтийг хамарсан гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулахад анхаарч ажиллах,
- БШУЯ-нд Хүүхэд залуучуудын дунд хүмүүнлэгийн хөдөлгөөнийг өрнүүлэх, тэдэнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед өөрийгөө хамгаалах, бусдад туслах дадал чадвар олгох чиглэлээр, ЕБС, цэцэрлэгт “Хүмүүнлэгийн танхим” байгуулах, Их, дээд сургууль,коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн хөтөлбөрт хүүхэд залуучуудад гамшгаас хамгаалах болон халдварт өвчин, вирусийн тухай сургалтыг цагийг оруулах
- ХНХЯ-нд Гамшиг осолд өртсөн нийгмийн эмзэг бүлэгт олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх, Ажлын байранд анхны тусламж үзүүлэх дадал, чадварыг эзэмшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл ахуйг сайжруулах
- МУЗН-т Хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах; Гамшгийн эрсдэлийг бууруулах, Коронавируст халдварт цар тахлын хариу арга хэмжээ авах, 2021 онд хүмүүнлэгийн тусламж зохион байгуулсан талаарх үйл ажиллагааны үр дүнг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.