Өнгөрсөн шөнө Apple компани АНУ-ын Сан-Франциско хотноо үүрэн телефоны салбарт хувьсгал болох iPhone5–аа танилцуулсан юм. Корпорацийн дэд ерөнхийлөгч Фил Шиллерийн хэлснээр бол шинэ утсыг бүхэлд нь шил, хөнгөн цагаанаар үйлдвэрлэжээ. 4 дюймын Retina дэлгэцтэй энэ утас өмнө загвараасаа хамаагүй хөнгөн, нимгэн гэдгээрээ онцлогтой аж. 7,6 мм зузаантай атлаа ердөө л 112 грамм жинтэй юм байна. Дэлгэцийн дүрс үзүүлэх нягтрал нь 640 цэгт 1136 байх юм байна. iPhone 5 нь LTE стандартаар үйлдвэрлэснээрээ өмнөх iPhone 4S-ээсээ ялгаатайн дээр Apple A6 процессор суулгажээ. Фил Шиллер шинэ утсаа загвар, графикийн систем зэргээрээ өмнөхөөсөө хоёр дахин илүү гэсэн байна.
8 мегапикселийн камераар нь панорам буюу өргөн өнцгийн зураг ч авч болно. Энэ аппарат цэнэглэхгүйгээр 225 цаг ажиллах бол дүрс бичлэг авахад 10 цаг, харилцагчтайгаа дүрсээ харж ярихад найман цаг ажиллах боломжтой юм байна.
Шинэ iPhone өмнөх загваруудаас харьцангуй хямдхан буюу 199-399 ам.доллараар худалдаалагдах ажээ. Компани шинэ утас гарсантай холбогдуулан iPhone 3GS-ийн худалдааг зогсоож iPhone 4 болон iPhone 4S-ийн үнийг хямдруулахаа мэдэгдсэн байна. Apple-ийн албан ёсны мэдээгээр iPhone4S-ийн үнэ 99 ам.доллар болон хямдарчээ.
iPhone 5 –ын захиалгыг АНУ-д маргаашаас эхлэн авах бөгөөд энэ сарын 21-нээс дэлхийн найман улсад зэрэг худалдаалж эхэлнэ гэнэ. Цаашдаа өөрийн гэрээт 240 оператораар дамжуулан 100 оронд худалдаана гэжээ.