Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалт /Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно/, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-ыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар уг хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасан.
Уг хэргийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дахин хүлээн авсан бөгөөд өнөөдөр /2021-08-09/ урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал явагдаж яллагдагч нарийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 08 сарын 30-ны өдрийн 09:30 цагт хийхээр товлон зарласан байна.
Шүүгдэгч Д.Гүрсоронзод урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хурал болох хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Батбаяр, Д.Одгэрэл нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар