Шинэ төрлийн коронавирусийн халдварын нөлөөгөөр хамгийн хүнд цохилтод ороод байгаа салбарын нэг нь аялал жуулчлал. Тус салбарын үйл ажиллагаа сүүлийн хоёр жилийн турш зогсонги байдалд орж, одоо ч сэргэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хамгийн их алдагдал хүлээж буй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран “Цар тахал ба Аялал жуулчлал” сэдэвт цахим хэлэлцүүлгийг өнөөдөр цахимаар зохион байгуулахаар болжээ.
Хэлэлцүүлэг нь Ковидын үеийн Аялал жуулчлалын салбарын зах зээлийн чиг хандлага, Хилээр нэвтрэх журам, жуулчин хүлээж авах эсэх, Цар тахлын дараах гадаад сурталчилгаа гэсэн үндсэн гурван чиглэлээр өрнөхөөр байна.
Аялал жуулчлалын салбараас орж ирсэн 1 ам.доллар эргэлтэд орж, 1.42 ам.долларын борлуулалтыг бий болгох замаар эдийн засагт шууд бус дам байдлаар 862 сая ам.доллар буюу 2.4 их наяд төгрөгийн борлуулалтыг бий болгож, эдийн засгийг тэтгэдэг. Үүгээр тооцож үзвэл, 2020 оноос хойш хоёр жилийн хугацаанд нийт 4.8 их наяд төгрөгийн орлогоо тус салбар алджээ.