Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захиралтай уулзав

Монгол Улсаас Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын шинэ Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала-тай 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр уулзав.

Уулзалтын эхэнд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала-д үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсч, өмнө нь Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улстай хамтран ажиллаж, манай орныг сайн мэддэг болсон хүний хувьд цаашид Монгол Улсын Засгийн газрын чадавхыг бэхжүүлэх, олон талт худалдаан дахь оролцоог өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Мөн тэрээр ДХБ дахь Азийн хөгжиж буй бүлэг болон Женев дэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын зохицуулагчийн хувьд эдгээр орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэх болон ДХБ дахь төлөөлөл зэрэг асуудлаар Ерөнхий захиралтай санал солилцов.

Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала ДХБ-ын гол зөвлөлүүдийн нэг болох Барааны худалдааны зөвлөлийн 2021-2022 оны даргаар сонгогдсон Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэнд ажлын амжилт хүсэж, ДХБ-ын Сайд нарын 12 дугаар чуулган Женев хотноо болох энэ онцлог чухал цаг үед үр дүнтэй хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.

ДХБ-ын Сайд нарын чуулган нь тус байгууллагын дээд түвшний шийдвэр гаргагч бүтэц бөгөөд өмнөх буюу 11 дүгээр чуулган 2017 онд Аргентины Буэнос-Айрэс хотноо болсон.

Эх сурвалж:ГХЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан