Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ: ЦЭЦ ОЛОНХИОРОО АСУУДЛЫГ ШИЙДДЭГ ХУУЛЬТАЙ

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн бага суудлын хуралдааны шийдвэрт гарын үсэг зурахгүй гэж гарч явсан талаарх мэдээллийн дагуу хуульч Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-Цэцийн бага суудлын хуралдааны талаар асуудал үүсчихлээ. Цэцийн гишүүд бие биенээ үгүйсгэж, улмаар бага суудлын хуралдаан болсон болоогүй гэдэг маргаан болоод өрнөчихлөө. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Харин гайхаад л байж байна. Ш.Цогтоо гишүүний өрөг.мн сайтад өгсөн ярианаас бол яах аргагүй Цэцийн бага суудлын хуралдаан болжээ, 3 гишүүний 2 нь Цэцийн гишүүн Д. Солонгын тогтоолыг хүчингүй болгох нь зөв гэж шийдсэн байна гэж ойлгосон. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуулийн 3 дугаар зүйл “Хэлэлцэж байгаа асуудлыг цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Гэтэл цэцийн хэвлэл мэдээллийнхэн бага суудлын хуралдаан дуусаагүй гэж мэдээлсэн байна гээд сайтууд дээр гарчихаж. Яг цэцийн албан ёсны сайт дээр бол мэдээлэл гараагүй байна лээ. Тэгэхээр бас гайхаад, юу ч гэмээр юм бэ дээ. Үндсэн хуулийн цэцийн тамгын газар энэ мэдээллээ ил тод ойлгомжтой болгохгүй бол юу гэж хэлэхээ мэдэхээ байчихаад байна.

-Цэцийн гишүүн олонхийн шийдвэрээ дагахгүйгээр хурлаа хаяад гарч явж болох уу?

-Хуульд “Зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргана” гэж бичсэн байгаа. Шийдвэр дээр заавал гарын үсэг зурах ёстой нь бол ойлгомжтой. Эсрэг саналтай бол саналаа бичгээр гаргана.

-Мэдээллийн хэрэгслээр 3 гишүүн хуралдсан, эсхүл 5 гишүүн хуралдсан гээд олон янзаар мэдээлээд байна. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Маргаан хянан шийдвэрлэх хуулийн 21-ийн 4 дээр “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана” гэсэн байдаг. Ойлгомжтой болгохын тулд нэр хэлээд явья. Соошлоос юу гэж ойлгосон бэ? гэхээр Д.Солонгоо гишүүнд Х. Баттулга ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй эсэх асуудлыг тавьсан мэдээллийг шалга гээд хуваарилж, түүнийг шалгах явцад Б.Буяндэлгэр гишүүн наадах чинь Үндсэн хуулийн цэцийн маргаан бишээ гэж маргаж. Энэ тохиолдолд хуулиараа бага суудлын хуралдаан буюу 3 гишүүн нөгөө маргасан хоёр гишүүний маргааныг шийднэ. Ингээд Ш.Цогтоо, Д.Одбаяр, Ц.Нанзаддорж нарын бүрэлдэхүүнтэй бага суудлын хурал болжээ. Энэ гурван хүн гурвуулаа өөр өөр институтээс нэр дэвшиж орж ирсэн байдаг. Ерөнхийлөгч, Дээд шүүх, УИХ-аас орж ирсэн хүмүүсийг Цэцийн дарга томилж гэж харж байгаа, зөв. Тэгэхээр энэ тохиолдолд 2 гишүүний маргааныг 3 гишүүн шийдэх гээд үндсэндээ 5 гишүүн энэ хурал дээр байр сууриа илэрхийлж гэж үзэж болно. Гэхдээ шийдвэрийг 3 нь гаргана. 5 гишүүн оролцож байгаагаараа энэ төрлийн хуралдаан хэлбэрийн хувьд бага суудал шиг мөртлөө цэцийн 9 гишүүний 5 нь байр сууриа илэрхийлж байгаагаараа дунд суудал шиг өргөн болчихож байгаа юм.

-Цэцийн гишүүн нь хурал болсон, хэвлэлийнхэн нь болоогүй гэж байгаа бол одоо яах ёстой вэ?    

-Хууль дээр нь “цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг ил тод явуулна.  Төрийн болон байгууллага, хувь хүний  нууцыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах онцгой шаардлагатайгаас бусад тохиолдолд Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Цэцийн шийдвэр болон нээлттэй хуралдааны тэмдэглэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн зардлаар хувилан авах эрхтэй. Цэцийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг нэн даруй уншин сонсгоно” гэсэн байгаа. Тэгэхээр Цэцийн албан сайтаас мэдээллийг хармаар байна. Цэцийн Тамгын газар хурлын тэмдэглэл, бичлэгийг сайтдаа тавьчих хэрэгтэй.

-Иргэн Д.Үүрцайх Цэцэд хандаж, Ш.Цогтоо гишүүнээс татгалзсан байдаг. Гэтэл хэргийн оролцогч мөн эсэх гээд бас маргаан болсон бололтой. Хуульдаа юу гэж байгаа вэ?

-Хуулийн 22 дугаар зүйлийн 2-т тухайн асуудлыг урьд өмнө шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож байснаас хойш 2 жил өнгөрөөгүй, эсхүл маргагч талуудтай төрөл садан бол, эсхүл өөрийн байр сууриа шийдвэр гарахаас өмнө илэрхийлсэн бол Цэцийн гишүүн өөрөө татгалзан гардаг хуультай. Өөрөө шүү. Харин энэ үндэслэлүүд байвал маргагч талууд татгалзан гаргах хүсэлтээ тавьдаг. Саяны бага суудлын хуралдааны маргагч тал нь Д.Солонго, Б. Буяндэлгэр гишүүн хоёр. Энэ хоёр гишүүн тийм асуудал тавьсан уу? гэдэг чухал. Өөр хүний тавьсан асуудлыг маргагч талын байр суурь болгож танилцуулсан уу? эсхүл зүгээр нэг иргэний хүсэлт байна лээ гээд орхисон уу? гэдгээс шалтгаална. Яг яасныг нь мэдэх юм алга. Саяны бага суудлын хуралдааны хувьд иргэний мэдээлэл бол маргагч талын хүсэлтэд тооцогдохгүй.

-Цэц ингэж маргасаар сонгууль хүргэхвий дээ гэсэн болгоомжлол танд байна уу?

-Цэц дээр болж байгаа асуудал бол яаралтай шийдэх ёстой асуудал. Яаралтай шийдвэрлэх асуудлыг Цэцийн даргын тогтоолоор хурдавчилж шийдвэрлэдэг хуультай. Тэр журмаараа сая бага суудлын хуралдаан болсон байх. Одоо энэ маргаанаа хурдан, ойлгомжтой танилцуулах үүрэгтэй. Цэцийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг нэн даруй уншин сонсгоно гэсэн хуультай. Нэгдэх өдрөөс хойш олон хоночихлоо. Цэцийн гишүүд эрх тэгш байна. Гишүүд нь маргаад байгаа бол хуралдааны тэмдэглэлээ Тамгын газар нь нийтэд ил болгомоор байна. Харъя. Цэцийн хуралдааны явцыг тасралтгүй, үгчлэн тэмдэглэх үүрэг Тамгын газарт бий.  Тэрнийг харж байж, асуудлуудаа ярихгүй бол хуульчид юу гэхээ мэдэхгүй болчихоод байна. Цэцийн үйл ажиллагаа ил тод байх ёстой.

1 Сэтгэгдэл
Үндсэн ХУУЛИЙН ЦЭЦ НЬ ХУЙВАЛДААНЫ ШИНЖТЭЙ БОЛОХООР ҮНЭН ЗҮЙЛ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ.
Хамгийн их уншсан