УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сингапур улсын шүүхэд болж өнгөрчээ.
Яагаад энэ шүүх хурал болсон, ямар учиртай гэхээр манай талаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Оюутолгой” нийлж, одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд, Чён Чү Ёон, Ким Хак Сёон нарыг “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” төслөөр гэрээ байгуулж, нууцаар ашиг олсон байж болзошгүй асуудлаар шүүхэд хандсан юм.
Одоогоор хичнээн төгрөгийн хохирол учруулсан гэх мэт гэм хорын асуудал яригдаж эхлээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн явц эхлэхээс өмнө Сү.Батболд нарын хариуцагчид Монгол Улсын прокурор гадаад улсад Монгол Улсыг төлөөлөх эрхгүй гэж шүүхэд хандсанаар дээрх урьдчилсан хэлэлцүүлэг болж өнгөрчээ.
Гэвч, шүүх хариуцагч талын нэхэмжлэлийг хангаагүй бөгөөд нэхэмжлэх эрхтэй гэж үзсэнээр Сү.Батболд нарт холбогдох дараа, дараагийн шүүх хурал удахгүй товлогдох бололтой байна.
Олон нийтэд нээлттэй тавигдсан тус улсын шүүхийн хэлэлцүүлгээс харвал:
Сү.Батболд нарын өмгөөлөгчийн зүгээс Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтын үйлчлэл нь зөвхөн Монгол Улс дахь шүүхийн явцаар хязгаарлагдана гэсэн байр суурийг илэрхийлжээ. Гэвч, шүүгчийн зүгээс Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл нь шүүхийн явц зөвхөн Монгол Улсад үйлчилнэ гэсэн утга агуулаагүй бөгөөд Монгол Улсын нийтийн ашиг сонирхол нь газарзүйн хилээр л хязгаарлагдана гэсэн агуулгаар уг хуулийг тайлбарлах боломжгүй байна гэж үзжээ.
Мөн Сингапурын Дээд шүүхийн шүүгчийн дүгнэлтэд Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн гэрчийн мэдүүлэгт Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 20.4 дугаар заалтуудын дагуу Нийслэлийн Прокурорын газар нь төр, нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж буй бол төрийн байгууллагын хүсэлтгүйгээр маргаан үүсгэх эрхтэй” хэмээн тайлбарласан талаар дурджээ.
Сингапурын шүүхийн эх сурвалж: Үзэх