“Ногоон бүс” киноны дүрээрээ дэлхий дахинаа алдаршсан жүжигчин Майкл Кларк Дункан зүрхний шигдээсийн улмаас 54 насандаа таалал төгсчээ. Хоёр сарын өмнө зүрхний шигдээс болж эмнэлэгт хэвтсэнээс хойш түүний бие дээрдэхгүй байсаар өчигдөр Лос Анжелос дахь эмнэлэгт амьсгал хураасан байна. Энэ тухай мэдээг М.Дунканы хамтран амьдрагч Омароса Столлворт “Radar” цахим хуудаст батлан ярьж “Бид уй гашууд автаад байна. Тэр миний бүхий л амьдралын минь хайр байсан” хэмээн өгүүлжээ. Оскарын шагналд нэр дэвшиж байсан, Холливудад Том Майк нэрээрээ алдартай Майкл Дунканы тухай мэдээнд харамсан гашуудсан одод эмгэнэл илэрхийлсээр байна. Түүнтэй “Ногоон бүс” кинонд хамтран тоглосон Том Хэнкс “Тэр аварга том бие шигээ агуу сайхан сэтгэлтэй хүн байсан. Тэр “Ногоон бүс” киноны шижир алт нь байсан юм” гэж мэдэгджээ.
Хэдий тэрээр өөрийг нь хамгийн их алдаршуулсан “Ногоон бүс” киноныхоо туслах дүрээр Оскараас шагнал хүртэж чадаагүй ч Хар хүрдний шагнал, Кино шүүмжлэгчдийн холбооны шагнал гээд олон арван шагналын эзэн болж байв.
Майкл Дункан “Ногоон бүс”-ээс гадна “Армагеддон”, “Мичнүүдийн гариг”, “Кунфу панда”, “Хилэнцүүдийн хаан” гээд олон арван кинонд гол болон туслах дүр бүтээсэн билээ.
1,95 метр өндөр, 136 кг жинтэй байсан тэрээр кинонд тоглохын хажуугаар Жэми Фокс, Уилл Смит нарын оддын бие хамгаалагчаар ажилладаг байсан юм. Гэвч 1997 онд түүний үйлчлүүлэгчдийн нэг B.I.G алагдсаны дараа Майкл бие хамгаалагчаар ажиллахаа больжээ.
Түүний хамгийн сүүлд тоглосон кино нь “From the rough” нэртэй, удахгүй дэлгэцэнд гарах бүтээл байжээ.