Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын нууц товчоо”-ны цаг хугацаа заасан үг хэллэгийн тухай

Хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар, нөхцөл, харилцаа холбоог тодорхойлох нь чухал шүтэлцээт хүчин зүйл мөн. Монголчууд өөрсдөө бичиж үлдээсэн “Монголын нууц товчоо” нь  түүх, соёл, хэл уран зохиолын  дурсгал мөний зэрэгцээ  тухайн цаг үеийн сэтгэлгээ, үнэн бодит байдлыг яруу тод бичиж үлдээсэн бүтээл юм. Нийгмийн өөрчлөлт хөгжлийн явцад хэл нь уг үндсээрээ нийгмийн давхарга, сууриас үл хамааран тэмдэглэж хадгалах,  дамжуулах үүргээ гүйцэтгэж байдаг хэрэгсэл юм. Тийм ч учраас 700 жилийн тэртээх түүхийг хэлний баримтаар дамжуулан судлаж мэдэх боломжтой.  Түүхийн цаг хугацааны харилцан хамаарлыг нь  цогц байдлаар авч үзэх бололцоог хэл олгодог.  
“Монголын нууц товчоо”-ны  цаг хугацаа заасан үг хэллэгийг судлан үзэж, бүтэц ангилал хийж, цаг хугацаа, орон зайн ил, далд утгыг илрүүлэхийг зорихдоо 1990 онд эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэнгийн орчуулгаар орчин цагийн монгол хэл дээр хөрвүүлсэн  номыг судалгааны гол практик хэрэглэгдэхүүн болгож, орчуулгын 3 өөр бүтээлийг харьцуулан ашиглав.  Цаг хугацаа заасан  1700 орчим  үг хэллэг олж илрүүлсний 1450 орчим үг хэллэг давхардсан байдлаар цаг хугацаа зааж байна. Судалгаагаар Монголын нэрт эрдэмтдийн уран бүтээл, бусад эрт эдүгээгийн уран зохиолын 70 гаруй номтой харьцуулан үзвэл цаг хугацаа заасан үг хэллэг давхардаагүй байдлаар 5 дахин их нь  харагдлаа. 
“Монголын нууц товчоо”-г зохиомол, зохиогч нь тодорхой бус гэх мэтээр гадаад, дотоодын судлаачдын олон тайлбар  байдаг ч Монгол хэлний цаг хугацаа заасан үг хэллэг талаас үзэхэд харин ч онцлогтой нь  батлагдаж байна. “Монголын нууц товчоо”-г монгол нутагт монгол хүн бичсэн учраас гадаадын  судлаачдад ойлгомжгүй байх нь зайлшгүй. Тиймээс  Монголын эрдэмтэд судлаачдын тайлбар судалгааг гол болгон үзэх нь зүй ёсны билээ. 
Цаг хугацаа, үйл явдлын үргэлжлэх хугацааны хэмжүүр, орчлон ертөнцийн бүтцийн үндсэн хэсэг бөгөөд бие даасан зүйл хэмээн үздэг хэсэгчилсэн утгаараа түүхэн дэх үйл явц ердөө ганц тохиолддог гэдгийг тус бүтээлд тусгаж өгсөн гэж үзэж болно. Цаг хугацааны судалгаа шинжилгээ нь орон зайн  асуудлыг мөн хөнддөг. Тус бүтээлд орсон цаг хугацаа заасан үг хэллэгүүд цаг хугацааны утгаас гадна орон зайн мөчлөгт үйл явдлын өнгөрсөн, одоо, ирээдүй, өмнө, хойно, хажууд гэсэн  холбоосоор өрнөжээ. Цаг хугацааг ил, далд байдлаар илэрхийлсэн үг хэллэг тус бүтээлийн эхнээс эцсийн хуудас хүртэл илэрч түүхийн онцгойлох үйл явдалтай хамаарч байна. Жишээ нь: Их хөвгүүн, галын эзэн,  голомт залгах  гэх мэт  үг хэллэг тус бүтээлд хэрэглээний идэвхтэй, давталттай орсон нь нэг талаас Монголын олон  аймаг овгууд  гарал үүслээрээ нэг, эхлэл  өрнөл нь холбоотой гэсэн утга, цаг хугацаа заахдаа далд хэлбэрээр илэрч тасралтгүй, үргэлжлэх санаа агуулж байгаа юм. Ураг, овгийн дамжин уламжлах чанар, цаг хугацааны хувьд тасралтгүй үргэлжлэх  явдал нь тухайн цаг үеийн нийгмийн байдал, ёс зүйт зарчмыг мөн илэрхийлсэн гэж үзэх үндэстэй. Их суурин шилжих цагт гэсэн  үг хэллэг нь дараах хоёр утга илэрхийлж байна гэж үзлээ. 
• Тэмцэл тулаан, байлдаанд эзлэн авсан харийн хот балгас, эзэмшлийн газар нутаг шилжүүлэн авахыг их суурин шилжих цагт, тамгач,  өндөр сууринд хүрэх,  их сууринд хүрэх хэмээн  нэршүүлсэн байна. 
• Алтан ургийн суурин, их суурийн эзэн  гэсэн нь их хан нас нөгцсөн тохиолдолд дараагийн ургийн хөвүүнд  залгамжийг  шилжүүлэх, их суурин шилжих (тэнгэрийн заяасан цагт), хөвгүүдийн нэрийн ард “Зүч” хэмээн залгаж нэрлэх нь  удам залгах, голомт сахих хүү   гэсэн утга мөн. 
Их суурин шилжих цагт хэмээх цаг хугацаа заасан эдгээр үгийг чухам аль хэсэгт хамааралтай болохыг контестээс нь ялган ойлгох, эсвэл урд, хойно өгөгдсөн цаг хугацаа заасан үг хэллэгээс тайлан унших боломжтой. Их суурин шилжих цаг гэдэг үг хэллэгийн дараа “балгасчин томилох, нутагчин, амучин гаргах, адуулах хүн ирүүлэх, хонь адуулах,  улаачин гэх мэт цаг хугацаа заасан үг хэллэгээс харахад Алтан ургийн залгамж холбоонд “Их суурин шилжих” гэдэг утга биш харин дайн тулаанд эзлэн авсан хот сууринг шилжүүлэх, түр хугацааны эзэд томилох, мал сүрэг, эд бараа, хоол хүнсийг бүртгэх, хадгалах гэсэн утга юм. Балгасчин гэдэг үг хэллэг  тодорхой, түр зуурын цаг хугацаанд хийгдэх ажил үүрэг  бөгөөд тэмцэл тулаан, аян дайны үед эзлэн авсан хот, сүм балгаст эзэн томилох, эзэн харьяат ирэх хүртлэх богино, түр хугацаанд хамгаалах, хадгалах үүрэгтэй байна. Амучин нь намар тариа авах, тариагаар татвар төлөх үед ард иргэдээс хураан авсан тариаг хадгалах үүргийг тодорхой хугацаанд богино, түр хугацаагаар гүйцэтгэдэг. Хонь адуулгах цагт гэдэг нь эзлэн авсан мал сүргийг туулгах, өөрийн эзэмшил нутагт хүргүүлэхээр түр хугацаанд томилон ажиллах хүн зэргээр  нэршүүлсэн гэж үзэх үндэстэй. Алтан төр, ариун нэр,  авсан эр минь анид үл одох (хатан хүн, эхнэр хүнд гурван эр бий анхны эр нь алтан төр, түүний дараах эр нь ариун нэр, эцэст эр нь авсан эр), эдгээр нь анх-энх-мөнх гэсэн цаг хугацааны утгатай байна. Охьхатан (анхны хатан, ууган хатан, их хатан, голомт анхлан үүсгэсэн хатан),  Охьбархаг, охинбархаг (анхны, ууган, эхний), Тодойн отгичин (эмэг эх, ахмад настай) Их гэр, бага гэр, зүүн гэр(бага хатны гэр, залуу), баруун гэр (их хатны гэр, ахмад),  гэсэн цаг хугацааны утгын ялгаа далд хэлбэрээр илэрсэн  байна. 
Боржигдай, Баргудай, Хорилардай, Даридай, Бэлгүнүтэй, Бүгүнтэй, Бодончар мунхаг, Бэсүдэй, Шижудай, Адархидай гэхчлэн нэрийн ард нь “дай, дэй”, “өчүүхэд”, “мунхаг” хэмээн нэрлэсэн нь цаг хугацааны хувьд бага балчир үеийг, Сэцбэх, Зүтгэлбөх, Тогтообэх гэсэн нэр нь хөвгүүдийн ахмад, ууган хөвгүүн гэсэн цаг хугацааны ялгаатай утга  мөн илэрхийлж байна.  Ураг барилдах (үүсгэж одох, хүргэдээ тавих, хүргэдээ талбих, өчүүхэд, хүмүүнээ өгөхдөө өдүй охин,  хөвгүүд өчүүхэд, өрөөл хань болгох,  охин заяа үүдэнд өтлөхгүй, хөвгүүнээ хүргэн болгох, хөвгүүнийг урагт орхих, галт хөвгүүн, халуун хөвгүүн) зэрэг  үг хэллэгээс харахад ураг барилдах ёсыг бага насанд нь үйлдэн хөвгүүнийг нас бие хүртэл нь охины эцэг эхэд үлдээн өсгөж хүмүүжүүлээд, нас биенд хүрэх үед гэрлүүлж, хөвгүүний эцэг эхийн голомтонд очих ёсыг хэлж байгаа төдийгүй энэ талаар “Хүргэн хүүгийн хүзүү бөх, хүний малын нуруу бөх” гэсэн зүйрлэл хэлнээ  нэршигдэн үлдсэн байна. Цаг хугацаа заахдаа  “эхлэл”, “нас бие хүрээгүй, нялх балчир” гэсэн цаг хугацааны утгыг далд хэлбэрээр гаргажээ. Тэнгэр газрын өмгөөр хүчээ нэмэгдүүлэх  цагт гэсэн  нь  од эрхэс, нар, сарны  хувьсал хөдөлгөөнтэй холбоотойгоос гадна цаг хугацааны утгатай. Монголын эртний уран зохиолд “тэргэл сартай өдөр тэмцэлд орж,  хавирган сартай өдөр цэргээ татаж” хэмээн тэмдэглэгдсэн нь олонтаа. Тиймээс “тэнгэр газрын өмгөөр хүчээ нэмэгдүүлэх цагт” гэдэг нь цаг хугацааны хувьд дараах 2 хугацааг илэрхийлж байна гэж үзэх үндэстэй. 
• Тэргэл сартай, хавирган сартай өдрүүд
• Дайтаж байгаа улс гүрнийг дарж  газар нутаг, хүн мал, алт эд агуурсыг өөрийн болгох үед “тэнгэр газрын өмгөөр хүчээ нэмэгдүүлэх цагт” хэмээн тус бүтээлд тэмдэглэсэн  нь цаг хугацааны хувьд  тэмцэл тулааны “дараах үе, ялалт” гэсэн утга мөн илэрхийлжээ. 
Сөнөөх, хөнөөх, алах, хядах, голомтыг бүрэлгэх, нурууг хугалах, үнсээр хийсгэх, үгүй болгох гэх мэт цаг хугацаа заасан үг хэллэг  шүлэглэж толгой холбосон мөрт, холбоо үг, хэлц хэллэгээр олонтаа давтагдсан нь “төгсгөх, дуусгах” гэсэн  цаг хугацааны утга заахаас гадна тухайн цаг үеийн үзэл санааны төлөвшил, бодит байдалтай шууд холбоотой ёс зүй, дүрэм журам юм. 
Ёс зүй бол цаасан дээрх тэмдэглэл, амаар дамжих яриа ч биш “мөрдөгддөг зүйл” байсныг  гэрчлэх хэлний баримт мөн.  Эдгээр үйл тухайн цаг үеийн ам тангаргаа биелүүлэх, үнэнч байх итгэл үнэмшлийн  үнэлэмж,  хууль байсан бөгөөд түүнийг эс дагасан, зөрчсөн нөхцөлд авах эцсийн арга хэмжээ нь “үгүй болгох, алах” үйл болох нь зохиолын үйл явцаас тод харагдлаа. “Монголын нууц товчоо”-ны талаар “Чингэсийн догшин бурангуй талыг нуусангүй”, “харилцан алалцах явдал ерийн үзэгдэл байжээ” гэсэн тайлбарыг олон судлаачдын бүтээлд дурьдсан байдаг. Үүнийг тухайн үеийн хууль журам гэдгээр тайлбарлах нь зүй ёсны юм.  
Түүхийн үнэ цэнэ сайн муу, зөв бурууд биш бодит үнэн байдалд нь оршиж, ёс зүйн хэм хэмжээ нь нийгмийн  агуулгаараа  нийт хүн төрөлхтөний шинжтэй, цаг хугацаа орон зайн хувьд түүхэн хязгаарлагдмал ангийн шинжтэй байж түүнийг  илэрхийлэх үг хэллэг нь хэлэнд хэвшиж тогтсон байдаг. “Монголын нууц товчоо”-г хэн нэгэн уран сайхны аргаар зохиож бичсэн гэсэнтэй эсрэгцэн цаг хугацаа-орон зайн шалтгаант холбооны илрэлүүд, гэрчлэх хэлний баримтыг үгүйсгэх аргагүй.   Ёс зүйт харилцааны илэрхийлэл болох анд бололцох, ам тангарагт үнэнч байх  ёс журам нь нийгмийн хөгжлийн явцад  нүүдэлчдийн цэргийн дэг журам, бат бэх байдал, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд нөлөөлжээ. Нөгөө талаас олон судлаачдын бүтээлд тэмдэглэснээр Чингэс хаан алж устгахыг урьтал болгодог хүн байгаагүй нь байлдан дагуулалтын үед дагаар орсон олон аймаг, бүлэг хүмүүсийн жишээ баримт, тэдгээрийн хооронд үүссэн вассалийн хэмээх харилцаанаас харагддаг. Түүнчлэн түүхэн цаг үеийн ёс зүйт ухамсарын логик нь тухайн нийгэм, цаг үеийн обьектив хууль журамтайгаа хамт тайлбарлагдашгүй хэвээрээ үлддэг гэдгийг ч бас мартах учиргүй. Тиймээс үгийн гарал мөшгөн хөөх, элдэв тайлбар хийх, сайн мууд хамааруулах нь туйлшрах, хийсвэр оногдохуй үүсгэх муу талтай юм. Агссан нумаа татах, довтлох цагт, хишигтэнийг түмлэх цагт, туг тахих цагт, туг барьж мордох цагт, тэнгэрийн хилэн болоход, хоромсог агсуулах, зад барих, саарь бүс дээр гарах үед, эрт босоход (түрүүлж хөдлөх), хөвгүүн илгээх, элч болгох, элч илгээх, манлай илгээх,  хоёр ёст албаар, хүчтэй алжаангуй буурахуйд дайтах, охор хүчин цагт,  тэнгэр газрын заяасан цагт, алтан тэрэм босгох (ялалт, баяр) нэгэн хүрээ болох, хүрээнд нэгдэх, амиа өрөх, өндөр сууринд хүрэх (ялалт), адуу таргалахаар, морьд тамиржих цагт”, “агт туранхай байна, намар агтаа таргалсан хойно” гэсэн үг хэллэгт цаг хугацааны хувьд “намар”, “эхлэх”,  “дараа болох” гэсэн цаг хугацааны утгыг далд хэлбэрээр гаргаж байна. 
Хойч, хойчийн аргад, хожим, дараа, хойно гэсэн үг хэллэг маш олон давтагдсан нь нэг талаас хуучин үеэс уламжилсан, овог ургийн холбоонд тулгуурласан “залгамж, үргэлж” гэсэн цаг хугацааны утга мөн “уламжлал дээр хүмүүжсэн”  гэсэн  агуулга илүүтэй харагдаж байгаа юм. Нүүдэлчид эртнээс тархмал төр, нийгмийн бүтэцтэй байсан ч цаг хугацааны тасралтгүй холбоо, орон зайд Монгол угсаатны соёл сэтгэлгээг  нэгдмэл холбоонд хөгжүүлж иржээ. Төрөл овгийн тархмал байгууллаас  нэгдмэл холбоо бүхий улс үндэстэн, монгол үндэстэн, монгол сэтгэлгээ, монгол хүн бий болох (хүмүүжлийн) үйл явцад алтан ураг, түүний залгамж холбоо өөрөөр хэлбэл цаг хугацаа орон зайд тасралтгүй үргэлжлэх байдал төрийн тогтвортой байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэснийг  тус бүтээлд тусгагдсан  Монгол хэлний цаг хугацаа заасан үг хэллэгийн утга ухагдахуун өргөн далайцтайг судлан үзэх замаар нээн илрүүлэх боломжтой. Түүнчлэн хэл нь сэтгэхүйн илрэх, орших хэлбэр төдийгүй тухайн нийгэм цаг үеийн ухамсар бүрэлдэн тогтох, төлөвшихөд чухал үүрэгтэй гэж үздэг. Чингэс хаан, алтан ургийнхан аливаа мөрдлөг дүрмийг ард түмний үзэл бодол, алтан ургийнхны дунд тогтсон хэв шинж, үзэл бодлоос түүж дараа дараагийн мөрдлөг журмыг гаргаж байжээ. Мөн гадаадын харийн орноос хуулж аваагүй, залгамж халаа, алтан ургийн холбоог чанд мөрддөг  нэг гэрч гэж үзэх үндэстэй юм.  Үүнийг гэрчлэх бас нэгэн баримт нь тэнгэр үзэлт заарингийн үгийг сонсох  ч өөрийн эрүүл саруул ухаанаар бодож, өөрийн зорилгод нийцэх, эс нийцэхийг эрүүл саруул ухаанаар тунгаан үгийг нь тэр бүр дагалгүй өөрийн чиг шугамаар явж, тухайн цаг үе, нийгмийн  бодит байдлаас тасран гарсан үзэл,  ёс уламжлалыг  оюун сэтгэлгээгээрээ  таягдан хаяж чадсан явдал мөн.  
Тус бүтээлд тусгалаа олсон Чингэсийн энэхүү энгийн гэмээр шийдвэр нь түүхэнд мөрөө үлдээх нэгэн хөрс суурь болжээ. Мөн түүний байлдан дагуулалтын үед олон үндэстэн, шашин, соёлыг үзэж илүү давуу байдлыг харж мэдэрсэн ч даган тусгаж авалгүй уламжлалт тэнгэр үзэлт шашин, нүүдэлчин соёлдоо үнэнчээр үлдсэн гэж үздэг. Үүний баримт нь  алтан ургийн холбоог олон жилийн  аян дайнд таслалгүй уламжлан дэлгэрүүлж байсныг гэрчлэх хэлний баримтууд  юм. 
Хишигтэн (өдөр шөнийн), хорчин (өдөр), хэвтүүл (шөнө),  “тасралтгүй, үргэлж”  гэсэн утгатай. Хишигтэнг ураг төрлийн, алтан ургийн  хөвгүүдээс голлон сонгосон нь тухайн үеийн нүүдэлчин язгууртны нэгдмэл холбоо, төрийн бүтцийг тодорхойлох бас нэгэн баримт мөн. Энэ талаар Японы түүхч Янай Ватари   “Хишигтэн  нь нэгдэн нягтарч хүчийг олох хөрс суурийн нэг тулгуур байсан” хэмээн тодотгон бичсэн билээ. Алтан ургийн хөвгүүн гэхэд цаг хугацааны хувьд “залуу нас, нас залуу” гэсэн утгаас “үргэлжлэх, залгамж” гэсэн цаг хугацааны утга илүүтэй гаргаж байгаа эсэхийг тухай өгүүлбэрийн өмнө эсвэл ардах илэрхийллээс тодорхойлох боломжтой. Цаг хугацаа заасан  үгнээс жишээлэн үзвэл: гарах нар сарны хилээр, орох нар сарны хилээр,  мичид жаргаах, тэргэл сартайд, тэргүүн сарнаар, гэгээн болох, Мэнэ мэт хөвгүүд, хөвгүүн мэнэ, Мэнэн төдөн (ойрхон, дараалсан),  нүд чих болгох (өдөр шөнө), ижиигээ тойрох цагаас (бага балчираасаа), манлай хүргэх, харуул талбих, манлай засах (өмнө, эхлээд), өтөг ухах, өтөглүүлэх (хэлэлцэх, үргэлжлэх), галын хаан, галын эзэн, галын хан, голомтын эзэн,  отчигин, отгон хүү , отгон хөвүүн, тэнгэрийн хүү,  их хөвгүүн, их хүү,  сурвалжит ураг, алтан ураг, алтан аргамжаа, суурь залгамжлагч,  мөчир болох, эцгийн дээлтэй төрсөн, их суурийн хөвгүүн, хойно их суурийг залгамжлах, эцгийн бэлхэн суурь,  тэтгэн тэнхрүүлэх цагаар (алтан ургийг залгамжлах хүүхэд, бага балчир үе).
Адуучин гэдэг нь нүүдэлчдийн хувьд сурвалжит буюу цаг хугацааны хувьд “үргэлжлэх” гэсэн утгатай. Багалзуур идэх, багалзуур идэх өдөр болзох (залуу, гэрлэсэн эр эм гэрлэсэн өдрөөс эхлэн гурван хоног  хонины багалзуур махыг идэх үйл,   голомтондоо утаа гаргах, уурс авчрах,  ургийн холбоо тогтоох) гэх мэт цэцэн үг, хэлц хэллэг, холбоо мөрт шүлгүүд нь цогц байдлаараа ямар нэгэн санаа агуулга илэрхийлэхээс гадна цаг хугацааны утга гаргаж байгаа нь судалгаанаас харагдлаа. 
Алтан ургийн сүлд болох (овог  аймгийг тэргүүлэх, хаан, хаадын залгамж,  Алтан ургийн, залгамж үеийн) гэсэн үг хэллэг, тодотголууд цаг хугацааны хувьд Чингэсийн эхлэл үеийг, “эсгий туургатан” гэдэг нь Чингэсийн байлдан дагуулал гадагшаа тэлсэн үеийг зааж цаг хугацааны хувьд ч ялгаа гаргаж байна. Цаг хугацааг далд хэлбэрээр илэрхийлсэн өндөр давтамж, магадлал нь “Монголын нууц товчоо”-ны нэгэн нууц гэж үзэх үндэстэй.  Түүхийн мөн чанарын  нэгэн илэрхийлэл болох цаг хугацаа заасан хэлний тэмдгийн судалгааны баримтад үндэслэн гаргасан тайлбар нь түүх, соёл судлаачдын хувьд өөрөөр тодорхойлогдох магадтай бөгөөд зөвхөн цаг хугацаа заасан үг хэллэгийн талаас судлан үзсэнийг тодотгож,  эрдэмтэн мэргэд тунгаан шүүж, саналаа бичээрэй. 

Хэл бичгийн ухааны доктор Сайннямбуу овогтой ЦОЛМОН


 

1 Сэтгэгдэл
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан