Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөжээ. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд нарт даалгалаа. Мөн гудамж, талбай, тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Улсын нөөцөөс нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, бээлий, амны хаалт, ариутгал, халдваргүйтгэлийн бодис зэргийг хэрэгцээт газруудад өгөхөөр болов.