Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЗАХИАЛАХ ЭРХИЙГ ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД, НИЙТ ИРГЭДДЭЭ ОЛГОНО

Ерөнхийлөгч бол аль нэг нам, бүлэглэлийн төлөөлөгч биш, харин нийт иргэдийн, Монгол Улсын Ерөнхийлөгч байх ёстой билээ. Энэ бол Үндсэн хуульд заасан нийт Монголчуудын хүсэл. Харамсалтай нь, нэр дэвшүүлэх эрхтэй улс төрийн намууд иргэдийн хүсэл сонирхлыг төлөөлж чадах, шаардлага хангасан нэр дэвшигчдийг дэвшүүлж чадаагүйгээс урьд өмнөх сонгуулиуд сонголтгүй байсаар ирэв. Иргэд сонгох хүнгүй, дугуйлах нэр дэвшигчгүй байсан нь ардчиллын утга учрыг алдагдуулж, улс төрийн намууд иргэдээ төлөөлөх чадваргүй болсны илрэл юм.

Иймд, УИХ-д суудалтай улс төрийн хүчний хувьд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв ХҮН Электорат” эвслээс нэр дэвшигчийг тодруулахад өөрийн саналыг гарган оролцох боломжийг иргэдэд нээлттэй олгож, сонгуулийг сонголттой болгох “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг эхлүүлж байна. Аяны гол зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийт, гишүүд, дэмжигчдээсээ нээлттэй санал авч, хуулийн хүрээнд тодруулах явдал юм. Нэр дэвшигч Монгол Улсаа талцуулан хагалдаг биш эвлүүлэн нэгтгэдэг, аль нэг нам бүлгийн эрх ашгийг хамгаалагч биш, нийт монголчуудаа төлөөлж чадах, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй, нэр цэвэр, хүсэл тэмүүлэл өндөр хүн байх ёстой.

Монгол Улсын иргэн таныг www.zuvhun.mn веб хуудсаар зочлон, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллавал зохих хүний мэдээллийг илгээж, бидний судалгаанд хамрагдахыг урьж байна. Та хуулийн шаардлага хангасан Монгол Улсын Иргэн хэнийг ч нэр дэвшүүлэхээр саналаа ирүүлж болно.

Монгол орон үеийн үед эх орноо гэсэн зүрх сэтгэл, хүсэл тэмүүллээр дутаж байгаагүй, бидний дунд Ерөнхийлөгчийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж чадах хүн олон бий гэдэгт бид эргэлзэхгүй байна. Бид хамтдаа зөв хүнийг сонгон нэр дэвшүүлж, сонгуулийг сонголттой болгож чадна.

Энэхүү судалгааны үр дүнг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8-д заасан "хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх"-ийг хориглосон хязгаарлалтын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусах хуульд заасан хугацаанаас өмнө нийтэд ил болгохгүй болно.

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ (ХҮН)

2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

 

1 Сэтгэгдэл
De Fakto-гийэ Жаргалсайхан
Хамгийн их уншсан