Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Засгийн газрын тэргүүн хувийн хэвшлээ бүх талаар дэмжиж ажиллахаа энэ үеэр илэрхийлж, иргэдээ орон сууцжуулах бодлогыг хамтарч хэрэгжүүлэхээр боллоо. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Залуус 1,2,3 хороолол” барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулахаар болов.
Ажлын хэсэг холбогдох яамд, Монголбанк, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн бөгөөд сайд Ц.Нямдоржоор ахлуулж ажиллуулахаа тэрбээр хэллээ. Ирэх дөрвөн жилд ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлж, сард 60 тэрбум төгрөгийн зээл олгоно гэж тооцон ажлаа төлөвлөхийг Сангийн сайд Б.Жавхлан барилгын салбарынханд зөвлөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын өдрүүдэд бусад салбарыхантай уулзахаар төлөвлөж байна.