Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хувь хүн биш, хууль засагладаг шударга төртэй байхын төлөө өөрт байгаа бүх боломжоо дайчилж, хичээнгүйлэн зүтгэнэ”

-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ДӨРВӨН ЗОРИЛТОО ТАНИЛЦУУЛЛАА-

Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монгол Улсын хүндэт иргэдээ!

Монгол Улсын Ерөнхийлөгчөө!

Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Монгол Улсын Засгийн газрын гишүүд парламентад тангараг өргөж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа шуурхайлан орох боломж олгосон УИХ-д баярлалаа.

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У. Хүрэлсүх та Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулан, алдагдсан орд газруудаа төрд эргүүлэн авч, шударга ёсны тэмцлийг эхлүүлж, Монголын улс төрд ёс зүйн нэн шинэ жишиг тогтоолоо.

Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалж, газрын тосны үйлдвэр, төмөр замын төслүүд, байгалийн хийн хоолой, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг улс орны хувь заяатай салшгүй холбоотой томоохон төслүүдээ хэрэгжүүлж дуусгана гэдгээ илэрхийлье.      

Манай Засгийн газар цар тахал өвчин, түүнээс улбаалсан дэлхийн эдийн засгийн хямрал,  аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэдийн амьжиргаанд тулгамдаж буй олон асуудал, нийгмийн бухимдал, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төржилт зэрэг олон асуудалтай нүүр тулна гэдгийг бүрнээ ухамсарлаж байна.

Тиймээс ч миний бие өнөөдөр чихэр мэт сайхан зүйл ярихгүй ээ. Харин өнөөдөр сонсоход давс мэт шорвог ч, Монгол Улсын ирээдүйд тустай дөрвөн зорилтыг товч танилцуулъя.

ЗОРИЛТ 1. Цар тахлыг богино хугацаанд даван туулах төлөвлөгөө

"Ковид-19" хэмээх жижиг вирус дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж, хүн төрөлхтөнд цоо шинэ амьдралын хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа.

Дэлхийн II дайнаас хойш 2 сая гаруй хүний амь насыг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж, дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээс гурав дахин хүндрэлтэй гэсэн тооцооллыг судлаачид хийсэн байна.

Монгол Улс бүтэн 10 сарын турш дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэ зовлон биднийг тойрсонгүй. Манай Засгийн газар "Ковид-19" цар тахлыг даван туулах чиглэлд цогц төлөвлөгөө боловсруулж шуурхай ажиллана.    

Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.

Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар  цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ.  Гадаадад буй иргэдээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөөнд үндэслэн үе шаттай татан авчрах ажлыг эрчимжүүлнэ.

Та бидний өмнө төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй аюулт цар тахлыг хамтын хүчээр даван туулахын төлөө Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахыг УИХ, эрхэм гишүүд, нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

ЗОРИЛТ 2. Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн ч, хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсны дараа дэлхийн эдийн засаг огцом буцаж сэргэх хандлага байгааг судлаачид онцолж байна.

Тиймээс бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтуудаасаа өнөөдрийн сэтгэлзүйд автан ухарч болохгүй ээ, харин одооноос цар тахлын дараах үеийн эдийн засагт бэлтгэлээ хангах хэрэгтэй.

Иргэдийн орлого, ажлын байрны асуудал ч эдийн засгийн өсөлттүйгээр бүрэн шийдэгдэх боломжгүй юм.

Монгол улсыг нэг айл гэж бодвол бидний зарлага, орлогоосоо дунджаар жил бүр хоёр тэрбум ам долларын алдагдалтай байдаг. Монгол гэдэг өрхийн амьжиргааг залгуулдаг эх үүсвэрийн 93 хувь нь нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг нөхөн сэргээгдэхгүй баялгаас бүрддэг.

Шулуухан хэлэхэд нүүрсийг орлох шинжлэх ухаан, технологийн шийдэл гарахад л Монгол хэмээх өрх айл цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүй болно.  Бид цаг алдаж болохгүй. Давс мэт шорвог шийдвэрүүд эдийн засагт хийгдэхээс өөр гарцгүй. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг уул уурхайн салбар хүчтэй байх үед нь амжиж шийдэл гаргах учиртай.

Тиймээс шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг хурдасгахыг гол зорилтоо болгоно. Урагшлан хөгжсөн, уруудан доройтсон аль ч улс орны шалтгаан шинжлэх ухааны салбарын хөгжлийн түвшинтэй шууд холбогддог. Эдийн засгийн хөгжил, түүнийг дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн суурь ч  шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн салбараас ихээхэн хамаарна.

Шинжлэх ухааны академи, инновацийн хүрээлэнгүүдийг уялдуулж, шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрээр зохион байгуулна.

Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллана.   

Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгыг шударга хүртээмжтэй хувиарлахын тулд Үндэсний баялгын сан байгуулна. Үндэсний баялгын сан хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байна. Баялгын сангийн орлогыг байгалийн баялаг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаар бүрдүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулах болно.

Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана. Засгийн газрын тэргүүний хувьд "Алсын хараа 2050" бодлогод тулгуурлан эдийн засгийн дараах салбаруудыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор онцгойлон дэмжих болно. Уул уурхайгаас гадна, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч,  аялал жуучлал ба жижиг дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн  салбар үүнд багтана.

Яагаад эдгээр салбарыг бусдаас онцлов гэдгийг цөөн үгээр тайлбарлая.

Юуны өмнө бид байгалийн баялагтаа нэмүү өртөг шингээх учиртай. Нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах шаардлагатай. Ганцхан жишээ дурдахад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ны олборлолтын аманд нэг тонн коксжсон нүүрсний үнэ 63 ам.доллар байдаг. Тээвэрлэгдэн Ганцмод боомтод хүрч угаагдахад 200 ам.доллар болж өсдөг.

Монгол Улс жилд 6.1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авч байна. Үүний нэг тэрбум ам.долларыг газрын тосны бүтээгдэхүүнд зарцуулдаг.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж чадвал 70 хувь, цаашлаад 100 хувь дотоодоосоо хангах нөхцөл бүрдэнэ.

Аж үйлдвэржсэн орон болоход дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. Ингэснээр жилд Монгол Улс тээврийн зардлаас 600-900 сая ам.доллар хэмнэж, нийт экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой.

Авто замын төслүүдийг хэрэгжүүлэхдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, тэргүүн ээлжинд хилийн боомтууд болон аялал жуучлалын замыг холбох болно. Далайд гарцгүй манай улсын хувьд тээвэр логистикын салбарыг цогцоор нь хөгжүүлэх нь туйлын чухал юм.

Өнөөдөр бид эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авдаг. Жил бүр дунджаар 140 сая ам.доллар зарцуулдаг. Энэ урсгалыг багасгахын тулд Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно.

Манай улс нэг хүнд ноогдох малын тоо болон газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Гэвч хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараар 192 орноос 180 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

 Жил бүхэн бид дунджаар 605 сая ам долларын хүнсний бүтээгдхүүнийг гаднаас худалдан авч байна. Тиймээс импортыг орлох, экспортын баримжаатай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна. Малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр болон тээвэрлэлтийн суурь төвүүдийг үе шаттай барьж байгуулна.

Цар тахлын дараа хамгийн хурдтай сэргэх салбар бол дэлхийд аялал жуулчлалын салбар гэдэг нь ойлгомжтой. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн Монголд ирэх гадаад жуулчдад үүсдэг бэрхшээл, хүнд суртал, хариуцлагагүй байдлыг арилгаж, цахим Элчин сайдын яам байгуулах, цахим виз олгох, агаарын тээврийг  либералчлах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Бахархам түүх, баялаг соёлынхоо өв уламжлалд түшиглэн бүтээлч эдийн засгийн салбарыг хөгжүүлнэ. Соёлын яамны менежментийг шинэ түвшинд гаргаж, соёл, урлаг, кино урлагийг дэлхийн түвшинд гаргаж, эдийн засгийн үр өгөөжтэй байх зорилтыг дэвшүүлнэ.

Хөрөнгийн бирж, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг олон улсын түвшинд хүргэнэ. Цаашид Монгол Улс төв Азийн санхүүгийн томоохон төвүүдийн нэг болох суурийг тавина.  Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл, Бизнес эрхлэгчдийн зөвлөл, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зөвлөл байгуулж,  ширээний ард хурал хийх биш, самбарын өмнө шийдэл ярилцах Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах болно. Ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байх болно.

Хөгжлийн бодлого, тогтвортой байж чадвал улсын төсөв илүү оновчтой зүйлд зарцуулагдаж, татвар төлөгчдийн урам сэргэнэ гэдэгт итгэж байна. Баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид та бүхэнтэй Монгол Улсын Засгийн газар импортлогч улсаас экспортлогч улс байхын төлөө хамтран ажиллана. Хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн жам ёсны урсгалтай уялдуулан шинээр зохион байгуулна. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Хот уруу тэмүүлэх тусам үнэтэй, хөдөө очвол эдийн засгийн дэмжлэгтэй байх эрхзүйн орчин бүрдүүлнэ. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.

ЗОРИЛТ 3. Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо

Миний бие та бүхэнтэй санал солилцох дараагийн хэсэг бол амьдралын чанарын асуудал юм. Бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг тунхагласан.

1980 онд төрсөн хүний хувьд Ардчилсан хувьсгалын эхэн жилүүд миний хүүхэд нас байлаа.  Нийгмийн өөрчлөлтийн давалгаанд цохигдож, өнгөрсөн 30 жилийн алдаа, оноог биерээ мэдэрсэн үеийнхэн манай 80-аад оныхон бизээ.  

Өнгөрсөн 30 жил бидэнд хүний эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, олон намын засаглал бүхий парламентын тогтолцоо, зах зээлийн эдийн засаг зэрэг олон чухал зүйлийг өгсөн. Хэдий тийм боловч баян ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, орлогын тэгш бус байдал газар авч, далд эдийн засаг цэцэглэн, нийгмийн шударга ёс алдагдаж, нийт хүн амын 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь дунджаас доогуур түвшинд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь бас л гашуун үнэн.  Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг амьдралын чанарын эерэг өөрчлөлтөөр л хэмжих учиртай. Үнэндээ бид иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт хийж чадсангүй.

Нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж орлоготой иргэд өнөөдөр хүүхдийн зулай мэт эмзэг байна. Цаг алдалгүй дундаж орлоготой иргэдийг дэмжиж үндэсний цоо шинэ тогтолцоонд шилжин орохгүй бол дундчуул маань ядуурлын гүн далай уруу өдрөөс өдөрт живсээр байна. Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бүрдүүлэхэд манай улсын хувьд хамгийн чухал зүйл бол орон сууцжуулах асуудал юм.

Манай Засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд "Залуус 1, 2, 3 хороолол"-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжих замаар шийдвэрлэх болно. Чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бий болгох хоёрдахь хөшүүрэг бол чанартай боловсрол юм. Боловсрол хүний амьдралыг ядуурлаас чинээлэг түвшинд шууд аваачиж чадах хүчирхэг онгоц.

Монгол хүүхэд дэлхийд оюуны чадавхаар долоодугаар байрт эрэмбэлэгддэг ч, оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49, хөгжүүлэх байдлаар 59, бүтээх үзүүлэлтээр 111 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Хатуухан хэлэхэд манай боловсрол дэлхийд өрсөлдөх чадвараа өдрөөс өдөрт алдсаар байна. Тиймээс монгол хүн болж төлөвших сургалтын багц, монгол хэл, бичгийн төгс хэрэглээ, хот, хөдөөгийн сургалтын чанар,  их дээд сургуулийг нэгтгэж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдагч хэл болгож, дэлхийн иргэд бэлтгэх  зэрэг асуудлыг онцгой анхаарна.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүхэн зарлаж, Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй шинэ үеийг бэлтгэхэд анхаарч ажиллана.  Засгийн газар Боловсролын шинэчлэлийн багц хуулийг УИХ-ын  хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн барих болно.  Амьдралын чанарын асуудалд эрүүл мэндийн салбар онцгой ач холбогдолтой билээ. Монголчууд бидний хувьд зүрх судасны өвчлөл болон хорт хавдрын өвчлөл хамгийн түгээмэл. Мэргэжлийн хүмүүс гол шалтгааныг эрт оношлуулж чаддаггүй, мөн амьдралын буруу хэв маяг гэж тайлбарладаг.    

 Иргэн бүр жил бүхэн бүрэн оношлогоонд хамрагддаг тогтолцоонд алдалгүй шилжин орох ёстой. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих болно. Ингэснээр бид жилд 100-120 сая ам.долларыг гадаадад эмчлүүлэхэд зарцуулж байгаа урсгалыг 30-40 хувиар бууруулах боломжтой юм. Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх шинэ соёл бидэнд хэрэгтэй байна. Өглөө эрт босдог, орой эрт унтдаг үндэстэн болох шаардлага байна. Дархлаа, хоолны илчлэг, амин дэмийн талаарх ойлголтыг бага наснаас нь цэгцтэй ойлгуулах боловсролын тогтолцоо хэрэгтэй байна.

Буяны тарга гэдэг уламжлалт буруу ойлголтоо засч, хайртай хүмүүсээ хорхогоор дайлахаа больж, жингийн илүүдэлтэй тэмцэх үндэсний соёлыг хамтдаа бий болгох цаг болжээ. Үүнээс гадна дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд халамжаас хөдөлмөрт шилжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд дэх оролцоог нэмэгдүүлэх, банк санхүүгийн төрөлжсөн тогтолцоо бий болгох зэрэг амин чухал асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ.

ЗОРИЛТ 4. Шударга ёс, цахим засаглал

Жанжин Д.Сүхбаатарын талбайд -30 хэмийн хүйтэнд 30 мянган иргэн цугларч, өнгөрсөн 30 жилийг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон бүлэглэлд ҮГҮЙ гэж хэлснийг би хэзээ ч мартахгүй ээ. Миний бие ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно.  Энэ удаагийн авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно.

Авлигын индексээр бид өнөөдөр 106 д эрэмбэлэгдэж байна. Авлига үүсгэж буй суурь нөхцөл бол төрийн хүнд суртал, улс төрийн авилгажсан тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Тиймээс авлигатай хийх тэмцэл амар биш ээ. Хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллах болно. Төрийг албан бусаар удирдахыг хүсдэг бүлэглэлийн нөхдүүдтэй хатуу тэмцэх болно. Тэдний шүүхэд болон хууль хяналтын байгууллагад байршуулсан  төлөөлөгч нарыг цэвэрлэхийн төлөө ажиллах болно.

Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ.  

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ. 

Цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлнэ. "E-Мongolia" цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Төрийн аливаа үйлчилгээг цахимжуулаагүй авч үлдсэн албан тушаалтанг авлигыг дэмжиж байна хэмээн үзэж, хариуцлага тооцох болно. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90% хүртэл хийх болно.  Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна. Энэ бол орон тоо нэмж буй зүйл биш, харин төрийн бүх шатны байгууллагын орон тооны давхцлыг байхгүй болгож, төрийн данхайсан бүтцийг 30-40 хувиар бууруулах цорын ганц шийдэл юм. Цахим гарын үсгийг нэвтрүүлнэ. Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хуулиар хангана. Төрийн хүнд суртал багасч, иргэн таны цаг хугацаа хэмнэгдэнэ.

Төрийн байгууллагын албан тушаалтнууд өөр хоорондоо бэлэг солилцдог, хамтран ажиллах гэрээ хийдэг,  анхан, дунд шатанд  зохиомлоор хүнд суртал үүсгэдэг асуудлыг таслан зогсоох ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Намайг Ерөнхий сайд боллоо гээд бэлэг барьж ирэх хэрэггүй. 

Сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд манай Засгийн газар дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагынхантай нягт хамтран ажиллана. Засгийн газар чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг дээдэлж, иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн ажиллана. Олон нийтийн дунд эргэлзээтэй маргаан дагуулдаг томоохон асуудлуудаар бодит мэдээллийг өгч, илүү судалгаатай, баримттай хандахад дэмжлэг үзүүлж ил тод, нээлттэй хамтран ажиллахыг эрхэмлэнэ.

Мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой бүх чиглэлд нээлттэй, идэвхтэй түншлэн ажиллана. Даяаршин буй дэлхий ертөнцөд өөрийн үндэсний онцлого, сэтгэлгээ, ахуй, давтагдашгүй мөн чанараа эрхэмлэж, үндэсний ялгарлаа хайрлан хамгаалж, дэлхий дахинд Монгол орныг сурталчлан таниулах ажлыг далайцтай зохион байгуулах болно. Үе үеийн Ерөнхий сайдуудаас бүрдсэн "Үндэсний бодлогын хүрээлэн" байгуулж тогтмол ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна.  Манай Засгийн газар өмнөх бүх Засгийн газрын зөв бодлогын залгамж чанарыг хадгалах болно. Ардын намын Засаг, Ардчилсан намын Засаг гэж байхгүй, Монгол Улсын Засгийн газар л гэж бий. Тиймээс үндэсний нэгдмэл үнэт зүйлээ бэхжүүлж, дотооддоо сөргөлдөх биш дэлхийн бусад улс оронтой хөгжлийн үзүүлэлтээр уралдацгаая.

Иргэн бол төрийн үндэс. Иргэний болон хувь хүний эрхийг хамгаалах нь ардчилсан төрийн журамт үүрэг билээ. Төрийн бүх шатны байгууллага, нийт албан хаагчдын хувь хүний эрхийн тухай мэдрэмж, мэдлэгтэй байхыг ажлын байрны гол шалгуур болгож, хүний эрхийг хамгаалж, төр бол иргэддээ үйлчлэх үүрэгтэй гэдгийг ухамсарлуулан ойлгуулахад онцгой анхаарна. Бүхэл бүтэн Засгийн газар төрийн албан хаагчийн сэтгэлгүй, хариуцлагагүй үйлдлээс болж өмнөөс нь ёсзүйн хариуцлага хүлээж огцорсон гэдгийг шат шатны төрийн албан тушаалтнууд хэзээ ч битгий мартаарай. Цаашид төрийн алба шат шатандаа хариуцлага хүлээдэг, ёсзүйтэй, хүнлэг, сахилга баттай байж, гүйцэтгэлд тулгуурлан үнэлэгддэг байх соёлыг нэвтрүүлнэ.

Монгол Улсын хүндэт иргэдээ!  

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн солбилцолд, Алсын хараа 2050 урт хугацааны бодлого хэрэгжиж эхлэсэн эхний жил Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байгааг түүхэн хариуцлага хэмээн хүлээн авч байна.

"Дэлхий дээр Монгол хэмээх улс орон хэдийчинээ удаан оршин тогтнож, хөгжин дэвжих эсэх нь одоо үеийн бидний бодвоос зохих хүнд үүрэг мөн" гэсэн Монгол Улсын 12 дахь Ерөнхий сайд А. Амарын үгийг энд ишлэхийг хүслээ.

Дахин хэлэхэд манай Засгийн газар магадгүй өнөөдөр давс мэт шорвог ч, хожмын Монгол Улсын хөгжилд түүхэн хуудас болохоор хүндхэн шийдвэрүүдэд төвлөрөн ажиллах болно. Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршдог гэдэг. Монгол Улсын маргаашийн төлөө, өнөөдрийн үе ачаагаа үүрч, хариуцлагаа хүлээх ёстой.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд:

Үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж

Үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж

Хүн төрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж

Хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж

Амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн бэхжүүлж

Хувь хүн биш, хууль засагладаг шударга төртэй байхын төлөө өөрт байгаа бүх боломжоо дайчилж, хичээнгүйлэн зүтгэх болно.  

Эцэг дээдэс маань 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг, эх орон минь 30 жилийн дотор нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн, Азийн их хүлэг улс болон хөгжих болтугай!

            Монгол Улс мандан бадарч, мөнх хөх тэнгэр өнөд ивээх болтугай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан