Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Үндсэн хуульт”, “Их засаг” танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж, өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн, мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэх шаардлагатай байгааг гишүүдэд танилцуулсан юм.
Ингээд Улсын Их Хурлаас баталсан зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг гишүүдэд танилцуулаад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг, түүнчлэн Байнгын хороод хуралдах шаардлагатай болсон тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулж буйг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.