2008 оны арванхоёрдугаар сард үзэгчдийн удтал хүлээсэн “Валкери” кино дэлгэцэнд гарав. Дэлхийн II дайны үеийн нацистын Германы тухай түүхэн баримтад үндэслэсэн, Холливудын жүжигчин Том Крузын гол дүрд нь тоглосон энэ кино үзэгчдийн сэтгэлд хүрэх эсэх, германчуудын зүгээс ямар санал шүүмжлэл сонсох бол гэсэн айдастайгаар киноны уран бүтээлчид Лос Анжелост даруухан гэгч нь нээлтээ хийв. Үнэндээ тэдний таамаглаж байсан ёсоор “Валкери” магтаал сайшаалаас илүүтэй шүүмжлэл их сонссон. Гэвч энэ бол дэлхийн түүхэнд хар толбо үлдээсэн нацистын Герман, дарангуйлагч А.Гитлерийн тухай бодитой боловч төдийлэн ил гаргаад байдаггүй зөрчилдөөнт явдалд өгсөн үзэгчдийн үнэлгээ байснаас биш 75 сая ам.доллараар хоёр жилийн турш нөр их хөдөлмөр гарган энэ киног хийсэн уран бүтээлчдийг шүүмжилсэн хэрэг биш байлаа.
А.Гитлерийг хөнөөх гэсэн дотоодын олон арван бүтэлгүй оролдлогын нэг нь Валкери юм. 1944 оны долдугаар сарын 20-ны явдал гэдгээрээ түүхэнд бичигдэн үлдсэн Валкери ажиллагааны тухай АНУ-ын кино найруулагч Брайн Сингер сонсоод энэ сонин түүхийг үзэгчдэд хүргэх сэн гэж хүсчээ. “X men”, “Супермэн эргэж ирсэн нь” зэрэг киногоороо танил болсон Б.Сингер эхэндээ энэ киног олон улсын хэмжээний том төсөл болгох бодолгүй, ердөө 20 сая ам.долларын төсөвт багтааж хийх гэж байжээ. Гэвч кино зохиолоо бичихээр түүхийн эх сурвалжуудыг судалж байх явцад хэрэв кино нь гарчихвал олон улсын анхаарлыг татахаар юм байна гэдгийг ойлгоод дэлхийд нэртэй жүжигчин Том Крузыг урьсан байна. “Юнайтед Артистс” компани ч эхэндээ энэ киноны реклам сурталчилгаа, арын ажилд нэг их анхаарал тавихгүй байсан ч эцэст нь киног амжилттай дуусгахын тулд хамаг хүчээ тавьжээ.
Баварид хийх Фюрерийн нууц уулзалтад Штаффенберг дотроо А.Гитлерийг хөнөөх зорилго өвөрлөж, цүнхэндээ тэсрэх бөмбөг нууж ирнэ. Түүхэнд бичигдэн үлдснээр үдийн яг 12:30-д уулзалт эхэлсэн байдаг. Штаффенберг хурлын танхимд ердөө 10 минут байхдаа хоёр удаа гарч явжээ. Эхний удаа ариун цэврийн өрөө орохоор явахдаа Штаффенберг тэсрэх бөмбөгтэй цүнхээ Гитлерийн харалдаа ширээний хөлд тавьчихаад гарч явжээ. Төд удалгүй буцаж орж ирсэн түүнийг утсаар яаралтай дуудаж,/мэдээж энэ нь төлөвлөгөөний нэг хэсэг/ Штаффенберг цүнхээ орхин гарна. Байшингаас өөртөө итгэлтэй шалмаг алхаагаар гарч одох Штаффенбергийн дотор чухам л үхэл амьдрал хоёр тэмцэлдэж байвч хамгаалалтынханд сэжиг төрүүлэхгүйн тулд тэр царайдаа төв байдал гаргана. Штаффенберг өөрийг нь хүлээж ядаж байсан машиндаа хүрэх тэр үед ард нь байшин дэлбэрч, тэрээр А.Гитлерийг гарцаагүй үхсэн гэж боддог. Ингээд яаравчлан буцсан Штаффенберг замын хаалт саадыг юу ч болоогүй мэт давж гараад 13 цаг гэхэд Берлинд нисч ирнэ. Түүнийг ирэх хүртэл “Валкери” ажиллагааг эхлүүлэх зориг Штаффенбергийн хамсаатнуудад төрөхгүй байв. Тэд Штаффенбергийн өөрийнх нь амнаас фюрер үхсэн гэж сонссоны дараа л сая нэг хөдлөх зориг орж, генералаас эхлээд офицер цэрэг, энгийн иргэн хүртэл 7000 гаруй хүнийг хамарсан “Валкери” ажиллагаа эхэллээ. Валкерийг зохион байгуулагчид Нацист намын удирдлага, СС-ийн офицеруудыг толгой дараалан барьж, харин армийн томоохон албан тушаалтан, генерал, сайдуудыг өөрсөдтэйгөө нэгдэхийг санал болгоод, хэрэв эсэргүүцвэл баривчлав. Фюрерийг нас барсан гэдэг мэдээлэл тарж бүх зүйл эхэндээ төлөвлөсөн ёсоор явж байлаа. Гэвч энэ үеэр Германы харилцаа холбооны газар фюрерийн тал болон Штаффенбергийн талынхны мэдээллийг алийг нь ч хаалгүй бүгдийг нь дамжуулж байснаас А.Гитлер амьд байгаа гэсэн мэдээлэл давхар тарав. 18 цагийн үед А.Гитлер утсаар ярих боломжтой болж Үзэл суртлын сайд Геббел рүү өөрийн биеэр ярьж, эсэн мэнд байгаагаа мэдэгджээ. Ингээд фюрерийг хөнөөж, төр эргүүлэх гэсэн “Валкери”-г зохион байгуулагчид өөрсдөө аюулд орж, А.Гитлерийг хөнөөх сүүлчийн ажиллагаа цуцлагджээ. Зургадугаар сарын 21 дөнгөж эхэлж байх үед буюу шөнийн 00 цаг өнгөрч байхад Штаффенберг тэргүүтэй “Валкери”-г зохион байгуулагчид баригдаж, 00:30-гэхэд бүгд цаазаар авахуулжээ. Ердөө 12 цагийн настай Валкери ажиллагаа Герман улсын хувь заяаг хагас өдрийн дотор хааш нь ч эргүүлж, цаашилбал дэлхийн түүхийг ч өөрөөр бичиж мэдэхээр байсан юм.
Хурандаа хүний ширүүн дүрийг Т.Круз зөөлрүүлсэн
Валкеригийн хамаг цөм нь хурандаа Штаффенбергт оршиж байсан юм. Тэрээр Гитлерийн өдүүлсэн дайнд тулалдаж яваад зүүн нүд, баруун гар, зүүн гарынхаа хоёр хурууг алдаж, залуугаараа тахир дутуу болсон хүн юм. Тийм ч учраас А.Гитлерийг яснаасаа үзэн ядах болж, түүнийг хөнөөх халдлагыг гардан зохион байгуулсан гэж түүхчид үздэг. Том Круз энэ хүний дүрийг бүтээх гэж түүхчидтэй найман сарын турш хамтран ажиллаж, түүний тухай түүхэн баримтыг олон сар уншиж танилцжээ. Тэр өрөөсөн гаргүй хүний дүрийг чадамгай бүтээхийн тулд жирийн үед ч гараа боож, ямар ч хөдөлгөөнгүй явдаг байж. Гэвч түүнийг Штаффенбергийн дүрд ерөөсөө тохироогүй гэж Германы Батлан хамгаалахын яам мэдэгдэл гаргасан байдаг. Харин кино шүүмжлэгчдийн зүгээс Т.Крузыг нацист Германы хурандаагийн дүрийг бүтээсэн атлаа арай зөөлөн дүр төрхийг илэрхийлсэн гэж шүүмжилдэг. Үнэндээ ч энэ киног үзэхэд Штаффенбергийг ширүүн дориун цэргийн хүн гэхээс илүүтэй ухаалаг эр хүн гэх сэтгэгдэл төрдөг. Гэхдээ Штаффенергийн гэр бүлийнхнээс энэ киног үзсэн цорын ганц хүн болох ач хүү нь Т.Крузын чадварыг өндрөөр үнэлжээ.
Штаффенбергийн гэмтлийг үнэмшилтэй харагдуулахын тулд киноны уран бүтээлчид 800 компьютер нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний өндөр хүчин чадалтай визуал техник ашиглажээ.
Хэдий их шүүмжлэл авчирсан ч Том Круз энэ киноноос нийт ашиг болох 200 сая ам.долларын 10 хувь буюу 20 сая ам.долларын орлого олсон байна.
Түүхэн баримт сөхвөл…
Штаффенберг яагаад өөрийн нүдээр харсан тэр дэлбэрэлтээс фюрер амьд үлдсэнийг мэдэж чадалгүй өнгөрсөн юм. Харин хожим түүхчдийн олж мэдсэнээр фюрерийн яг хөлний харалдаа байрлуулсан бөмбөгтэй цүнхийг нэг хурандаа хөлд нь тээглээд байхаар өөр газар тавьсан нь А.Гитлерт ахин нэг жил амьд явах боломж олгожээ. Энэ дэлбэрэлтэд CC-ийн гурван офицер амь үрэгдсэн ч харин А.Гитлерийн арьс нь ч шалбараагүй үлдсэн гэдэг. Харин түүний өмдний шуумаг юу ч үгүй болтлоо шатсаныг гэрэл зурагт буулган баримт болгон хадгалсан байдаг.
“Валкери” ажиллагааг санаачилж, гардан зохион байгуулсан хүнийг Штаффенберг гэж саяхныг хүртэл түүхчид үздэг байсан юм. Харин Зөвлөлтийн армийн цуглуулсан баримт сэлтээс Трешков санаачлагч байсан нь батлагджээ. “Валкери”-гийн бүх бичиг баримтыг Трешковын эхнэр хөтөлдөг байсан нь бичгийн хэвийн шинжилгээгээр нотлогдсон байна. Гэхдээ тэдгээр бичиг дээр гарын хээ үлдээхгүйн тулд байнга бээлий өмсдөг байсан гэнэ.
“Валкери” кинонд гарсан бүх зүйл уран сайхны хэтрүүлэггүй үнэн бодит үйл явдал юм. Удирдагчаа хөнөөх бас төр эргүүлэх энэ нууц ажиллагаанд оролцсон 4970 хүнийг хожим нь цаазалжээ.