Оросын Pussy Riot хамтлагийн гурван дуучныг сүмд дуулсных нь төлөө шийтгэснийг дуучин Мадонна “арай дэндүү харгис” гэж үзэж буйгаа өөрийнхөө албан ёсны сайтаар мэдэгджээ. Тэрээр “Би Pussy Riot-ынхныг ялласны эсрэг байна. Тэднийг ердөө 40 секундын дуу дуулж өөрсдийн улс төрийн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хоёр жилээр ялласныг эсэргүүцэж байна” гэжээ. “Үзэл бодлоо ингэж илэрхийлэх, түүнийгээ нийтэд харуулах байраа сонгосных нь төлөө ингэж шийтгэж байгаа нь арай дэндүү харгис, бүр хүнлэг биш хэрэг” гэж Мадонна бичсэн байна. “Ийм шударга бус шийтгэлийн эсрэг бүх дэлхийн уран бүтээлчдийг нэгдэхийг уриалж байна. Тэд багагүй хугацааг шоронд өнгөрүүлсэн. Хамтлагийнхныг чөлөөлөхийн төлөө тэмцэлд бүх Оросыг уриалж байна” гэжээ. Pussy Riot хамтлагийнхныг дэмжиж өмнө нь Стинг, Red Hot Chili Peppers, Franz Ferdinand, Бьорк, Патти Смит зэрэг уран бүтээлчид үгээ хэлсэн юм.