Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төр болон иргэний нийгмийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх шаардлага нэн тэргүүн тавигдаж буй. Энэ ч үүднээс өнөөдөр МҮЭ-ийн холбоо, ХЭҮК, МХЕГ, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Монголын Хуульчдын холбоо, МЗХ, ХХҮЕГ хамтран залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав. Монгол Улсад хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 58 орчим хувийг, ажилгүй болон ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн 35.3 хувийг залуучууд эзэлдэг гэсэн статистик мэдээлэл бий.
УИХ-аас 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг батлан гаргасан. Тус хуульд хувийн хэвшлийн байгууллага 100 ба түүнээс дээш ажилтантай бол нийт ажилтнуудын таван хувьтай тэнцэх оюутны цагийн ажлын орон тоог гаргахаар хуульчилсан юм. Одоогоор дагалдан гарах журмыг боловсруулж байгаа талаар ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж энэ үеэр онцлов.
Түүнчлэн ажилтныг дадлагажуулах нэрийдлээр олон сараар цалингүй ажиллуулах, ажилласан цагийн мөнгийг хэт багаар тооцох зэрэг зөрчил хөдөлмөрийн харилцаанд түгээмэл гардаг байна. Иймд дээрх журамд цагийн ажилтны хөдөлмөрийн хөлсний хэмжээ болон ажлын цагийг тодорхой тусгаж өгөхөөр болсон байна.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээний нээлтийн үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үндсэн гол дөрвөн үзүүлэлт хангалтгүй хэрэгжиж байгаа. Иймээс энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар хөдөлмөр эрхлэлт тэр дундаа залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар төр болон иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, үндэсний болон орон нутгийн төвшинд харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, сурталчилгаа явуулах, тулгамдаж буй асуудлаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах, гадаад дотоодын сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах юм.