Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт автомашин цасанд суусан, цасан шуурганд иргэд төөрсөн дуудлагууд ирж, шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам Бор толгой гэдэг газар хүнд өвчтэй хүн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 13:08 цагт ирүүлснээр нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход Прусс 20 загварын автомашин цасанд суусан байсныг гаргаж, аюулгүй газар хүргэж өгсөн байна.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Шар цэцэг гэдэг газар НЯТТ 103-аас хүнд өвчтэй хүн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүн очиж гарган аюулгүй газарт хүргэсэн байна.
Мөн Төв аймгийн Сэргэлэн сум, 1 дүгээр баг Бөөгийн толгой гэдэг газар малдаа явсан иргэн 600 гаруй бог малтайгаа 11:00 цагийн үед төөрсөн, ар гэрийн хүмүүс нь хайгаад олохгүй байна гэсэн дуудлагыг 20:14 цагт ирүүлснээр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрлийн ажиллагаа зохион байгуулан 22:05 цагт анх төөрсөн газраас 17 км орчим зайтай, Сэргэлэн сумын 1 дүгээр баг Үнэгтэй уулын энгэрээс иргэн 53 настай, эрэгтэй, 49 настай, эмэгтэй нарыг бээрсэн байдалтай олж аюулгүй газарт хүргэж, амь насыг нь авран хамгаалж ажиллажээ.