Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үйлдвэрлэсэн он, сар, хугацаа, хаяг байршил тодорхойгүй хэвийн боов худалдаалж байна

-Урдаас ирдэг каргоны машинаас 10, 10-аар ууталсан маш их хэвийн боов буухыг харсан гэх мэдээлэл иржээ-

Монгол түмний төрт ёсны баяр Цагаан сар тун удахгүй болно. Энэ цаг үетэй зэрэгцээд томоохон худалдааны төвүүд Сар шинийн үзэсгэлэн худалдааг дор бүрнээ зохион байгуулж байна.  Үүнтэй нь холбогдуулж НМХГ-аас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд томоохон худалдааны төвүүд, зах, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудад явуулж эхэлжээ. Түүгээр ч зогсохгүй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах, иргэдэд хэзээ хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхой хаяг шошго, баталгаажилттай хэвийн боов, сүү, цагаан идээ, бууз банш худалдан авах, зөв сонголт хийж, зохистой хэрэглэх талаар зөвлөмж хүргүүлжээ. Гэсэн хэдий ч зөрчлүүд илэрсээр. Тодруулбал, МХЕГ-ын даргын баталсан 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/ 12 тоот удирдамжийн дагуу улсын байцаагч нар “Баянзүрх” хүнсний захад үйл ажиллагаа явуулж буй 12 иргэний нарийн боовны лангуунд шалгалт хийжээ. 

Шалгалтаар “Амдэ ХХК”-ийн Гандангийн хэвийн боов,  “Арвай” хэвийн боов, “Өгөөж архад” ХХК-ийн Өгөөмж еэвэн, “Хишигийн хур” ХХК-ийн Өлзий хэвийн боов, еэвэнгүүд нь үйлдвэрлэсэн он, сар, хугацаа, хаяг байршил тодорхойгүй, зөрчил илэрсэн байна. Шалгалтын явцад 12 иргэний 212 ширхэг нийт 381.600 мянган төгрөгийн хэвийн боов, 9 ширхэг нийт 72.000 мянган төгрөгийн еэвэнг газар дээр нь буцаан таталт хийлгүүлж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилласан байна. 

Үүнтэй зэрэгцээд анхаарал татах бас нэг мэдээлэл нь гадуур худалдаалагдаж байгаа хэвийн боовонд шинжилгээ шалгалт хийж өгөхийг хүссэн иргэдийн хүсэлт байв. Энэ нь олон нийтийн сүлжээнд  олон гишүүнтэй Sweet kitchen (Buteelch busguichuudiin group) дээр тавигдсан хэвийн боовтой холбоотой мэдээллээс эхтэй. Тодруулбал, нэгэн иргэн дээрх групп дээр  “Мэдээллийн чанартай гэх юмуу, анхааруулга гэх юмуу нэг юм хэлье. Өчигдөр урдаас ирдэг каргоны том машинаас 10, 10-аар ууталсан маш их хэвийн боов буулгаж байсан шүү. (Дүнжингаравын хашаанд каргоны агуулах байдаг юм. Тэндээс бараагаа очиж авахдаа харсан юм.) Эсвэл Эрээнд үйлдвэртэй болсон юмуу нарийн боовны цехүүд? Надаа лав сэжигтэй санагдсан” гэж бичсэн байсан юм. 

Хэдийгээр Хятадаас хэвийн боов орж ирсэн гэдэг мэдээлэл хэдэн жилийн өмнөөс яригддаг байсан ч үүнийг нь Гаалийн ерөнхий газраас үгүйсгэсээр ирсэн. Тэр бүү хэл хилээр нэг ширхэг ч Хятадад үйлдвэрлэсэн хэвийн боов орж ирээгүй гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан нь одоо ч хайлтын илэрцээр гарч ирж байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор “урд хөршид үйлдвэрлэсэн хэвийн боов хувхай цагаан өнгөтэй байдаг.  Энэ нь ясны гурилаар хийдэгтэй холбоотой, бүхээгтэй машины тэвшин дээр хэвийн боовоо аччихаад хүний нүднээс далдхан захын хойд хэсгээр борлуулдаг” гэх мэдээлэл ч байна. Ямартай ч худалдаанд байгаа хэвийн боов, еэвэнгүүд нь үйлдвэрлэсэн он, сар, хугацаа, хаяг байршил тодорхойгүй, зөрчилтэй байгаа нь Хятадад үйлдвэрлэгдсэн юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Бүхий л зүйлийг жинхэнээс нь ялгагдах зүйлгүй хийчихдэг хятадуудад хэвийн боов хийх нь хормын ажил байлгүй. Хэдийгээр  “Хятадаас орж иржээ” гэдэг мэдээллийг холбогдох байгууллагууд батлаагүй, үүнд ямар нэг хяналт шалгалт хийсэн тухайгаа мэдээлээгүй байгаа ч сэрэмж хэзээд илүүдэхгүй. Тиймээс иргэд худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн газар хаяг байршил, хугацаа гэх зэргийг нарийн харж, баталгаатай газраас хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авахыг холбогдох газрууд анхааруулсаар байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан