Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсад бүртгэлгүй, хөлдсөн эм, тариа импортолсныг шалгалтаар илрүүлжээ


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн гүний гаалийн хяналтын бүсэд хийгддэг байнгын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл хийв. Шалгалтаар иргэн Б.Светланагийн өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Интердисежн” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас 9 нэрийн, 12.972.300 төгрөгийн эмийг тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, тээвэрлэлт хадгалалтын горим баримтлаагүйгээс хөлдсөн байдалтай импортлосон зөрчил илрүүлжээ. Мөн “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ”Их төгөл” ХХК-ийн БНЭУ-аас импортлосон 2 нэр төрлийн, нийт 105.693.342 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрсэн. “Туушин” дахь гүний гаалийн хяналтын бүсээр 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Ази фарм” ХХК-ийн Нидерланд улсаас импортлосон 1 нэрийн, 17.530.000 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрсэн. Түүнчлэн иргэн Б.Умбаа 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Монгол шуудан” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНЭУ-аас тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй 4 нэрийн, 376.000 төгрөгийн эм импортолсон зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.
Дээрх зөрчлүүд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дүгаар зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн тул илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийт 16 нэрийн, 136.571.642 төгрөгийн эмийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж, нийт 2 аж ахуйн нэгж, 2 иргэнд 2.200.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан