Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл түр зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Учир нь нийслэлийн хүн ам хэт өсч, агаар, хөрс, орчины бохирдол, авто замын хөдөлгөөний түгжрэл эрс нэмэгдэж буйтай холбоотой. Урд нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 01 хүртэл нэг жилийн хугацаагаар зогсоосон билээ. Хотын дарга энэ хугацааг 2020 он хүртэл сунгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнийг нь Засгийн газраас зарчмын хувьд дэмжсэн юм.
Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон нэг жилийн хугацаанд орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар 9567 хүн шилжин иржээ. Энэ нь урд нь шилжин ирдэг байсан иргэдийн тооноос 11552-оор цөөн байна. Харин дээрх хугацаанд нийслэлээс 10161 хүн орон нутагт шилжижээ.