Сүүлийн үед хүмүүсийн анхаарлын төвд байгаа цагаан будааны талаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр МХЕГ-ын ХМХГ-аас ОХУ-аас 39, БНХАУ-аас-18, Вьетнамаас 16, Тайландаас 4, Японоос 4, АНУ-1, Австрали 1, Казахстанаас 2 компани цагаан будаа импортлох мэдэгдэл авсан талаар дурдсан. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын гүний хяналтын 8 терминаль дээр БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг 8 улсаас цагаан будаа импортолдог байна.
Нийслэлийн хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж байдгаас 22 аж ахуйн нэгж, иргэн өөрсдөө дахин савлагаа хийдэг байна.
2017 онд цагаан будаа импортолж, худалдаалдаг 21 аж ахуйн нэгж, 38 иргэний худалдаалж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлтийн байдалд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар цагаан будааны ул мөрийн бүртгэл хөтлөлтгүй, агуулах, савлагааны хэсэг шаардлага хангаагүй, харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгүүлээгүй, гарал үүсэл тодорхойгүй цагаан будааг савласан зэрэг зөрчил бүхий 3 ААН-д /Хүрэл тайж, МК сторе, Бишрэлт веллмарт/, 3350,000 төгрөг, 1 албан тушаалтанд 720.0 мянган төгрөг, 3 иргэнд 1440.000 мянган төгрөг нийт 7 аж ахуйн нэгжид 5 сая 510 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулж, зөрчил дутагдлыг арилгуулан, 1 иргэний цагаан будаа савлах үйл ажиллагааг зогсоосон байна.
2017 онд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 100 дээж, цагаан будаа импортлогч, савлагч 28 аж ахуйн нэгж, 7 иргэний хүсэлтээр 39 дээж, нийт 139 дээжийг мэдрэхүй, чийг, гадны хольц, хортон шавж, пестицид, хүнд металлын үлдэгдэлийг тодорхойлох үзүүлэлтээр шинжлүүлэхэд 12 дээж 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүйгээс 9 дээж мэдрэхүйн үзүүлэлтээр, 2 дээж хугацаа дууссан, 6 дээж хорио цээртэй хортон шавжийн үзүүлэлтээр шаардлага хангаагүй гарчээ.
Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүнгээр шаардлага хангаагүй гарсан цагаан будааг савласан, худалдаалж байсан иргэн, аж ахуйн нэгжид Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 4.2 тн цагаан будааг зориулалтын устгалын цэгт устгасан гэх мэдээллүүдийг хурлын үеэр өглөө.