Элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд 40-65 насны даатгуулагчдыг хамруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Энэ шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж буй юм. Даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, амбулаторын үзлэгийн картыг бүрдүүлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд очиж илрүүлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой.
Тус шинжилгээнд зориулан 1.5 тэрбум төгрөгийг энэ онд төсөвлөсөн. Одоогоор 460 сая төгрөгийн санхүүжилтыг шилжүүлжээ.
Одоогын байдлаар элэгний с вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг насны хязгааргүйгээр үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Харин С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэг удаагийн зардлын төлбөрийн дээд хязгаарыг нэг даатгуулагчид хагас автомат анализатороор 80 мянга, бүрэн автомат анализатороор тоолоход 120 мянган төгрөг байхаар тогтоожээ. Даатгуулагч нь улсын хэмжээнд элэгний С вирусийн эсрэг эмийн жор бичих эрхтэй нэр бүхий 201 эмчид үзүүлж, шинжилгээний бичиг заавал авах учиртай. Харин өөрийн шинжилгээ өгөх лабораторийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан нэр бүхий 21 лабораториос сонгох боломжтой юм. Түүнчлэн, даатгуулагч нь “Элэг бүтэн Монгол” цогц хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр элэгний С вирусийн эсрэг эмийг хайрцаг тутам 210 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авч, цаашид эмчлүүлэх боломж нээлттэй байна.