Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дугуй засварын газруудад Онцгой байдлын газраас шалгалт хийлээ. Шалгалтаар 98 дугуй засварын газарт галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 409 зөрчил илрүүлж, 75 зөрчил буюу 18.3 хувийг газар дээр нь арилгууллаа. Бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг холбогдох албан тушаалтанд хүргүүлжээ.
Ихэнх дугуй засварын газар галын аюулгүй байдал хангаагүй байж. Тухайлбал, чанар муу утсаар, цахилгааны монтажаа хийсэн, стандартын дагуу холбоогүй, цахилгааны ачааллаа хэтрүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна. Ингээд мэргэжлийн заавар зөвлөгөө өгсөн тул нийт дугуй засварын 80 гаруй хувь нь цахилгааны аюулгүй байдлаа хангалаа.
Мөн түүхий нүүрс түлдэг 8 дугуй засварын газарт цахилгаан халаагуур тавиулжээ. Нийслэлийн 1-р бүсэд үйл ажиллагаа явуулж буй 6 дугуй засварын газрыг шингэрүүлсэн шатдаг хийгээр халдаг халаагуур тавиулав.
Үүнээс гадна зайгаар ажилладаг галын утаа мэдрэгч системийг 19 газарт суурилуулж, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг 38 газарт суурилуулж, ослын гэрлийг 12 газарт тус тус байрлуулан ажлын байрны галын аюулгүй дүгнэлтийг 21 газар олгоод байна.