Шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Энэ үеэр салютын хэрэглээ нэмэгдэж тэсэрч дэлбэрэх аюул, галын эрсдэл дагуулдаг билээ. Иймд уг бүтээгдэхүүнийг болгоомжтой хэрэглэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. Ингээд тус газраас нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалалтад хяналт шалгалт хийж байна.
Нийслэлийн хэмжээнд энэ хяналт шалгалт жил бүр зохион байгуулагддаг бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгаж, хууль зөрчсөн иргэд, байгууллага аж ахуй нэгжид хариуцлага тооцож ирсэн. .Шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийнэ. Өнгөрсөн онд нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай нийт 425 обьектыг шалгаж, галын аюулгүй байдлын норм дүрэм, стандарт зөрчсөн 1049 зөрчил илрүүлэн арга хэмжээ авсан байдаг.
Дашрамд дурдахад салютыг хэрэглэх хүртэлээ хуурай ,сэрүүн газарт хадгалах ёстой. Мөн гараар барьж асаах, цаас, хүжээр асаах, эргэн тойронд нь тамхи татах, гал гаргахыг хориглодог байна. Харин хэрэглэх үедээ хувин, саванд ус хийж бэлтгэх нь зүйтэй аж.
Жил бүр мянга мянган хүн салютын буудлагаас түлэгдэх, гэмтэл бэртэл авдаг нь олон зүйлээс шалтгаалдаг. Хэрэв та гэр бүлдээ зориулан шинэ жилийн баяраар салют буудуулахаар төлөвлөж байгаа бол доорх зөвлөмжийг анхаараарай:
АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ САЛЮТ ХУДАЛДАН АВАХ
• Найдвартай, нэр хүндтэй газраас худалдан авах
• Худалдан авч буй салютын хайрцаг, савлагаа нь үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээллийг бүрэн агуулсан байх
• Шошго нь үзүүлэлт, нэр модел, үйлдвэрлэсэн газрын хаяг холбоо барих мэдээллийг агуулсан байх
• Хэрэв салют нь шошгогүй байвал хууль бус, аюултай тэсэрч дэлбэрэх бодисоор хийсэн байх өндөр магадлалтай
• Хэрэв таны худалдан авч буй салют шошгогүй байвал өөр газраас худалдан аваарай
САЛЮТ БУУДУУЛАХАД БЭЛДЭХ
• Албан ёсны зөвшөөрөлтэй салют буудуулах
• Утас болон лавлах, цагдаа, онцгой байдлын албанаас албан ёсны зөвшөөрөлтэй борлуулагчийн талаар мэдээллийг авах
• Насанд хүрсэн хүн байх
• Салютыг насанд хүрээгүй хүүхдэд өгөхгүй, ойртуулахгүй байх
• Салютыг буудуулж буй хүн нь аюулгүйн шил, бээлий өмссөн байх, арих согтууруулах ундаа хэрэглээгүй байх шаардлагатай
• Салютын шошго, зааварчилгаатай нарийн танилцаж мэдсэн байх, зааварчилгааны дагуу ашиглах
• Тэгш, хатуу гадаргуу дээр салютыг байршуулах
• Буудуулах гэж буй салютын ойр хавьд шатамтгай зүйл, тэсэрч дэлбэрэх бодис, бусад салютаас хол байлгах
• Салютын буудлагыг хамгийн багадаа 30 м-ийн зайнаас үзэх