2016 оны эцийн дүн мэдээгээр нийгмийн даатгалын санд шимтгэл төлөгчөөр 43,9 мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн байна. Нийгмийн даатгалын 5 сангийн нэг болох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын санд 2016 онд 125,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 9,8 мянган даатгуулагчид 31 тэрбум төгрөг олгожээ. Харин нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж төлбөрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд 3 жил дараалан тус сангаас төлбөр гаргуулаагүй бол дараа жилийн шимтгэлийг 10 хувиар, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд 5 жил дараалан ажилгүйдлийн сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараа жилд төлөх шимтгэлийг 10 хувиар хөнгөлөхөөр заасан байдаг.
Хуулийн энэхүү заалтын дагуу 2014-2016 онд үйлдвэрлэлийн осол гаргаагүй 21 мянган ажил олгогчид 3,2 тэрбум төгрөг, 2012-2014 онд ажлын байраа тогтвортой хадгалж ажилтнаа халаагүй 8,7 мянган ажил олгогчид 140,9 сая төгрөг, нийт 29,7 мянган ажил олгогчдод 3,4 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлтийг 2018 онд үзүүлэх юм. Дээрх ажил олгогчдын төлөөлөл болгож 150 аж ахуйн нэгжид ХНХЯ болон Нийгмийн даатгалын газраас талархал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх энэхүү арга хэмжээ нь олон мянган ажил олгогчийг ажлын байрны эрүүл ахуйг хангаж, үйлдвэрлэлийн осол гаргахгүй байх, ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтны нийгмийн баталгааг хангаж ажиллахад уриалсан хөшүүрэг болно гэж үзэж байгаа юм.
Энэ талаар Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Өнөөдөр эдийн засгийн байдал хүнд байгааг хүн бүр мэднэ. Гэвч улсын хэмжээнд төлөвлөгөө нь байнга биелж байгаа байгууллага бол нийгмийн даатгалын сан.Тэгэхээр ажил олгогчид маань ажилчдынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа маш сайн ухамсарладаг болсон байна. Татвар төлөх мөнгөгүй ч нийгмийн даатгалаа тогтмол төлж байна. Өнөөдөр нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгжүүдээс сүүлийн хоёр жил үйлдвэрлэлийн осол гаргаагүй, ажлын байраа тогтмол хадгалж чадсан 150 аж ахуйн нэгжийг шалгаруулж, нийгмийн даатгалын сангаас шагнал гардуулж байгаа юм. Энэ бол маш үр дүнтэй ажил. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 44 мянган аж ахуйн нэгжээс 29 мянга нь сүүлийн хоёр жилд үйлдвэрлэлийн осол гаргаагүй ажилласан байна. Үүний 16 мянга нь хөдөө орон нутгийн аж ахуйн нэгж. Эдгээр аж ахуйн нэгжээс татвараа тогтмол төлсөн, хүмүүсээ тогтвортой ажиллуулсан 150 аж ахуйн нэгжийг шалгаруулж шагнал олгож байгаа юм. Эдийн засгийн хүндрэл бол аж ахуйн нэгж төдийгүй айл өрхөд ч тулгарч байна. Үүнээс болж олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон нь үнэн. Гэхдээ ажилчдаа халаагүй, дампуураагүй. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийн орлого тогтмол биелж байгаа юм” хэмээн ярив.
Шилдэг 150 аж ахуйн нэгжийг МОБИКОМ ХХК, АПУ ХК, САУСГОБИ СЭНДС ХХК, ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА, МӨНХИЙН БАЯН ГАЛ ХХК-д тэргүүлсэн байна.
“САУСГОБИ СЭНДС” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Ч.Мөнхбатыг батламжаа гардсаны дараа уулзсан юм.
-Манай компанийн хувьд их сайхан баяртай үйл явдал болж байна аа. Сүүлийн гурван жилд уул уурхайн салбарт ялангуяа нүүрсний зах зээл нэлээн хүндэрсэн. Ийм үед бид аль болох ажилчдаа халахгүй байх, нийгмийн даатгалыг нь цаг хугацаанд нь төлж байхыг сүүлийн 5 жилд маш их хичээж ажилласан. Тэгэхээр бидний энэ хичээл зүтгэлийг өнөөдөр үнэлж энэ шагналыг өгсөн байх аа. Цаашдаа компанийнхаа 400 гаруй ажлын байрыг өргөжүүлж, энэ жил 100 гаруй ажилтан шинээр авсан. Ер нь манай компанийн үйл ажиллагаа нүүрсний зах зээлээ дагаад идэвхжиж байна. Нүүрсний зах зээлд эрэлт их болж, үнэ өсч эхэлсэн. Тэгэхээр энэ жил АМХЭГ-аар бид зургаан сая тонн нүүрс экспортлох уулын төлөвлөгөө батлуулж, өнөөдрийн байдлаар 2 сая тонн нүүрс гаргаад байна. Тиймээс ажилчдынхаа нийгмийн халамжин дээр, аюулгүй ажиллагааг нь хангахад анхаарч ажиллаж байна. Учир нь манай ажилчдын 50 гаруй хувь нь орон нутгийн иргэд байдаг учраас тэдний ажлын байрыг хадгалахын тулд хамгийн түрүүнд удирдлагын зардлаа бууруулж ажилласан хэмээн тэрээр ярилаа.