А.ЦАГААН
НМХГ нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 52, төрийн бус өмчийн 70 цэцэрлэгт шалгалт хийжээ. Хяналт, шалгалтын явцад хүүхдийн нэг өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээнд дүгнэлт өгөх зорилгоор хоолноос дээж авч шинжлүүлэхэд илчлэг нь норм хэмжээндээ, харин шимт бодисын хэмжээ нь хүрэхгүй байсан аж.
Мөн шалгалтаар төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн эрхлэгчид нь сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй хүмүүс байсныг нь илрүүлсэн байна. Түүнчлэн хувийн цэцэрлэгүүдийн 72 хувь нь мэргэжлийн багшгүй, 59 хувь нь багшлах эрхгүй, 56 хувь нь туслах багшийн сургалтад хамрагдаагүй багш нар ажиллаж байгааг тогтоожээ.
2015-2016 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийн барилгад шинээр өргөтгөл барьсан боловч барилгын зарим хэсэгт суулт өгч цууралт үүссэн, барилгын баруун жигүүрт инженерийн шугам сүлжээний гэмтэл гарсантай холбоотой хоёрдугаар сараас хойш дөрвөн ангийн хэрэглээний халуун ус тасарсныг засуулаагүй байсан аж. Мөн барилга шинэчилсэн баригдсантай холбогдуулан 2016-2017 оны хичээлийн жилд анги танхимын тохижилт үйлчилгээнд гэх зориулалтаар эцэг, эхээс хууль бусаар 22 сая төгрөгийн хандив авч ашигласан байсныг нь илрүүлжээ.
Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн барилга зориулалтын бус байр болохыг ч шалгалтаар илрүүлсэн байна. Ямартай ч шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 988 заалттай 98 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Мөн “Үзэм”, “Шүрэн цох” цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон талаараа НМХГ-аас өнөөдөр мэдээллээ.