Казахстаны Актобе хотноо үл мэдэгдэх гэмт этгээдүүдий хийсэн алан хядах дайралтын улмаас амиа алдагсдын ар гэрт гурван сая тэнге буюу 15 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ. Энэ сарын таванд гэмт этгээдүүд буу зэвсэг зардаг дэлгүүр дээрэмдэн зэвсэглэж аваад үргэлжлүүлэн цэргийн ангийн зэвсгийн агуулах руу дайрсан ноцтой хэрэг гарсан.
Казахстаны удирдлага Актобе хотод алан хядах ажиллагаатай тэмцэх онцгой байдал зарлан гэмт этгээдүүдийг устгах тусгай ажиллагаа явуулсан. Энэ ажиллагааны үр дүнд цэргийн анги руу дайрсан 13 гэмт этгээдийг утсгасан байна. Харин алан хядагчдын гарт өртөн амиа алдсан долоон хүний ар гэрт нөхөн төлбөр болгож гурван сая тэнге буюу 15 мянга орчим ам.доллар өгөхөөр болжээ.
Энэхүү гэмт халдлагын улмаас хохирогчдыг хүндэтгэн Казахстаныг зургаадугаар сарын 9-ийг Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлаж, улс даяараа төрийн далбаагаа бөхийлгөжээ.