Б.БААТАР
Хойд Солонгос улсын Хөдөлмөрийн намаас таван хүний хамтаар ял сонссон гэх Пак Пон Жу өдгөө 77 настай, эх орноосоо зугтаж гарсан нэгэн. Тэрээр эх орондоо байх хугацаандаа эдийн засгийн таван жилийн зорилтот төлөвлөгөөг гаргаж байсан юм. Тэгвэл Ким Чен Уны төр засаг түүний боловсруулсан эдийн засгийн төлөвлөгөөний дагуу явж байгаа талаар тэрээр анх удаагаа “ам нээлээ”.
Нийт 36 жилийн хугацаанд хөдөлмөрийн намын дэд дарга, Ерөнхий сайд зэрэг улсын томоохон албан тушаал хашч байсан Пак Пон Жу 2006 оноос хойш үзэгдэхээ больсон. Түүнийг олон жил шоронд хорьж байсан гэх мэдээлэл байдаг ч яг цаазаар авсан талаар мэдээлэл байхгүй байсан юм. Хожим 2013 онд түүнийг зугтаасан гэж Хойд Солонгос улсын хэвлэлээр гарч байв. Өнөөдөр аль улсад байгаа нь тодорхой бус түүнийг Хойд Солонгос улс эрэн сурвалжилж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байдаг. Ким Чен Ир агсныг төр барьж байх үед нэр хүндтэй нэгэн байсан тэрээр Хойд Солонгос улсын хөшигний ардах тоглогч байсан юм.
Түүнийг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж барууны улс орнууд үздэг ч ямар шалтгаанаар хатуу арга хэмжээ авсан нь тодорхой бус. Тэрээр төр засгийн бодлого хариуцан ажилладаг байхдаа өргөн хэрэглээний үнийг өсгөхгүй байх тал дээр анхааран ажилладаг байжээ. Өөрөөр хэлбэл, хэрэглээний барааны үнийг хямд байлгах, цалин орлогыг өсгөх талаас нь эдийн засгийг хөгжүүлэх бодлого баримталдаг байж. Нийгмийн худалдан авах чадамжийг дээшлүүлэх талаас нь эдийн засгийн төлөвлөгөөг харгалзан үзэж боловсруулдаг байсан байна.
Залуу удирдагчийн эдийн засгийн бодлого, өсөлт ч энэ эрхэмтэй шууд холбоотой. Учир нь, 2011 онд Ким Чен Ир таалал төгсч, түүний хүү төрийн эрх мэдлийг авсны дараа Пак Пон Жу таван жилийн эдийн засгийн төлөвлөгөөг боловсруулахад тусалсан гэж ярьдаг. Өнөөдөр Өмнөд Солонгосын төв банк Хойд Солонгос улсын нэг жилийн эдийн засгийн өсөлтийг харьцуулан үзэж 0,8 хувиас 1,3 хувь болтол өссөн гэдгийг тогтоосон байдаг. Зарим Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслээр Пак Пон Жуг Хойд Солонгосын эдийн засгийн хамгийн туршлагатай эрхмүүдийн нэг гэж бичдэг юм. Эдийн засгийн өсөлт тодорхойлох, олон жилийн төлөвлөгөөг гаргана гэдэг нь ард түмнээ хооллох, хүчээр хөдөлмөр эрхлүүлэх гэсэн ойлголтоос өөр.
Хойд Солонгос улсын эдийн засгийн өсөлтийн Өмнөд Солонгос улсын төв банк статистикаар гаргаж өгсөн. Гэхдээ 2014 он хүртэл. Тэрхүү судалгаанд 2000 онд эдийн засаг дөрвөн хувиар өссөн бол 2002 онд 1.5 хувиар буурсан. Ингээд тогтвортой өсч яваад 2005 онд Пак Пон Жуг Ерөнхий сайдаар ажиллаж байхад 4,5 хувиар өссөн байдаг. Мөн 2006, 2007 онд эдийн засаг буурч 2008 онд эргээд өссөн. Харамсалтай нь, залуу удирдагчийг 2011 оноос хойш төр засаг барьснаас хойш өсөлт ажиглагдаагүй нэгэн хэвийн таван жилийн нүүр үзэж байгаа нь нууц биш.
Пак Пон Жу бол хөрөнгөтөн биш. Нийгмийн эдийн засгийн үзэл бодлоос болж Ким Чен Ун түүнийг хөрөнгөтөн болгож орхисон талаар тэрээр зугтаасныхаа дараа өгүүлсэн байдаг. Залуу удирдагч 2012 онд төрийн дээд түшмэдүүддээ бүсээ чангалах шаардлагагүй талаар ярьж байсан ч хоёр жилийн дараа толгой дараалан албан үүргээс нь чөлөөлсөн удаатай.
НҮБ-ын хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд 2010 оноос хойш Хойд Солонгос улсын хүнсний баталгаа алдагдаж, чанартай хүнс хэрэглэхгүй байгаа гэсэн ноцтой мэдээлэл удаа дараа хийж байсан. Гэхдээ нөхцөл байдлаас хамаарч хилийн ойролцоо сайн чанартай гэсэн хүнс хурдан дуусч байгаа гэжээ. Нийт нутгийн хэмжээнд хүнсний аюулгүй байдал алдагдсан, хүнд байдалтай байгаа талаар Пак Пон Жу онцлов. Удирдагч өөрийн хэрэглээнд зориулан гаднаас тусгайлан хүнсний бүтээгдэхүүнээ оруулж ирдэг талаар ноён Жу шүүмжилсэн байна.
Шинэ таван жилийн төлөвлөгөөг Пак Пон Жу харсан, үзсэн талаар мөн өгүүлсэн. Тэрээр БНХАУ-ын түншлэл, харилцаа холбооны талаар өөрийн санал бодлыг хуваалцсан юм. Тэрээр уг нь Хятад улстай харилцаа холбоог эрхэмлэдэг нэгэн байсан. Учир нь, өнөөдөр Хойд Солонгосын холбоотон ОХУ-аас өөр орон байхгүй гэхэд хилсдэхгүй. Ким Чен Унтай болон түүний төр засагтай Ши Жин Пин дарга нэг ч удаа уулзаагүй бөгөөд Хойд Солонгосын цөмийн туршилт явуулснаас хойш “нүүр өгөөгүй” билээ.
Ши Жин Пин дарга НҮБ-ын цөмийн бөмбөг туршилтын эсрэг хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрч манай дэлхий дээр цөмийн бөмбөгөөр сүрдүүлэх зүйл байх ёсгүй гэж үзсэн. Тэр ч утгаараа өнөөдрийг хүртэл Хойд Солонгостой хийдэг байсан хүнс болон бусад худалдаа наймааг зогсоосон. Пак Пон Жу 2005 онд Ерөнхий сайд байх хугацаандаа БНХАУ-д айлчилж Нокиа болон Бээжин Шанхайн том аж үйлдвэрийн байгууламжуудтай танилцсан. Тухайн үед Ху Жин Тао болон Вен Жи Бао нар улсын тэргүүний албыг хашдаг байлаа.
Залуу удирдагч өөрийн авга ах болох Жан Сун Таикийг төрийн эрх дарх хэтрүүлэн мөнгө угаасан, шамшигдуулсан хэргээр албан үүргээс нь 2013 онд хөөсөн. Уг нь, энэ эрхэм БНХАУ-тай чухал том гэрээ хэлэлцээрийг хийж, хэрэгжилт, цаашдын шинэ гэрээн дээр ажиллаж хоёр улсын гүүр болж байсан гэдэг. Пак Пон Жу болон Жан Сун Таик нар нь 2002 онд Өмнөд Солонгос улсад очиж, улсаа төлөөлж бизнес уулзалт хийсний дараа БНХАУ-тай хиллэдэг хилийн ойролцоо хүнсний үйлдвэр барих талаар төсөл боловсруулж байжээ. Гэвч өнөөдөр бүх зүйл өөрчлөгдсөн байна.
Залуу удирдагч 1.2 сая хүчирхэг Хойд Солонгосын армийн цэргийн төв удирдлагын том албан тушаалд Пак Пон Жу томилогдож байсан ч авга ахыгаа цаазлах нь холгүй хүнээс айж эмээж байсан удаа бий гэдгийг ч онцлов. Залуу удирдагчийн нэг сул тал нь бүхнийг өөрөө эзэмших гэсэн тэр том шунал, хүсэл гэжээ.
Хойд Солонгос олон улсын эдийн засгийн хоригийг үл хайхран дотоодын нөхцөл байдалдаа тааруулан эдийн засгаа төвхнүүлэх бодлого баримталдаг. Ингэхдээ, Ким Чен Ун Хойд Солонгос улсыг ойрын ирээдүйд технократ буюу технологийн хөгжлөөр хөгжүүлэх талаар намын хурал, бусад зөвлөгөөн дээр ярих болсон байна. Энэ нь технологийн хөгжилд суурилж улсынхаа эдийн засгийг дээшлүүлэх, зэр зэвсгийн хөгжлийг түшиж эдийн засгийн ашиг орлогоо нэмэгдүүлэх бодлого аж.