Найман зууны тэртээ Дундад Азид ноёрхлоо тогтоон, Их Монгол Улсын гал голомтыг Ойрхи дорнодод бадраасан эцэг өвгөдийнхөө өрийг өдгөө амиараа төлж буй хазара монголчуудын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Өөрийгөө Цагадай хэмээн танилцуулсан тэрээр англи, монгол хольж ярих бөгөөд Монголд ирсээр таван жил болж байгаа аж. Өдгөө “Рояал” академид хэлний чиглэлээр сурч байгаа Цагадай хазара монголчууд хийгээд “ТУТАП” хэмээх төсөлтэй холбоотой Афганистанд үүсээд буй нөхцөл байдлын талаар танилцуулга хийхээр Монголын ардчилсан холбоо (МоАХ)-ны удирдлага, гишүүдтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэр С.Цагадайтай ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө хурлаар хэлэлцсэн асуудал хийгээд “ТУТАП” төслийн талаар товч тайлбарлаж өгөөч?
-Өдгөө Афганистанд зургаан сая орчим хазара монгол бий гэсэн албан бус тоо бий. Өнөөдрийн хурлаар хазара монголчууд гэж хэн болох, хаанаас ирсэн, үүх түүх, угсаа гарвал нь юу вэ гээд олон асуудлаар ярилцлаа.
Ерөнхийдөө хазара монголчуудын өнгөрсөн хийгээд өнөөдрийн тухай ярилцсан гэж болно. Түүнчлэн, хуралд оролцсон хүмүүст одоо Афганистанд үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулж, “ТУТАП” төсөлтэй холбоотой мэдээлэл өглөө. “ТУТАП” төслийн тухайд Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж, Германы “Фиснер” групп хэрэгжүүлж буй эрчим хүчний төсөл юм. Энэ бол Афганистанд хийгдэж буй эрчим хүчний маш том төсөл. “ТУТАП” гэдэг нь Туркминистан, Узбекстан, Тажикстан, Афганистан, Пакистан гэх үгийн товчлол юм. Эдгээр нь Афганистаны хүн амын дийлэнх олонхийг бүрдүүлдэг ястнууд. Гэхдээ 32 сая гаруй хүн амтай Афганистаны нийт хүн амын 20 гаруй хувийг бүрдүүлдэг нь хазара монголчууд. Хазарачууд хэзээнээс Афганистаны төв хэсэгт нутагшиж, суурьшиж ирсэн. Одоо ч тийм л байгаа. Гэтэл төслийн хүрээнд Афганистаны томоохон хот, суурингуудыг эрчим хүчээр холбохоор ажиллаж байгаа ч Засгийн газар хазарачууд хамгийн ихээр оршин суудаг хотуудын нэг Бамяныг төсөлд хамруулахгүй байх байр суурьтай байгаа юм. Угтаа энэ ажлыг гардан гүйцэтгэж буй “Фиснер” групп эрчим хүчний дэд бүтэц бий болгох, дамжуулахад хамгийн тохиромжтой, зардал хэмнэх бүс нутаг бол Бамян гэж 2010 онд тодорхойлсон ч Засгийн газраас “үгүй” гэх хариу өгсөн. Угтаа энэ төслийн хөрөнгө оруулалт Афганистаны Засгийн газраас бус Азийн хөгжлийн банкнаас гарсан юм. Тиймдээ ч хазарачууд Засгийн газрын эл шийдвэрийн эсрэг байр суурьтай байна. Би ч мөн адил эл шийд, байр суурийг эсэргүүцэж энд, Монголоос тэмцэж байгаа гэх үү дээ.
-Ер нь Бамян дэд бүтцийн хувьд хэр хөгжсөн, хэчнээн оршин суугчтай хот вэ?
-Дажгүй, сайн хөгжсөн. Хотын хувьд томоохонд ордог, сая гаруй хүн амтай. Гэхдээ эрчим хүчний хувьд асуудалтай, нэг үгээр төвийн шугам сүлжээнд холбогдоогүй юм. Хэрэв холбогдчихвол үйлдвэрлэл, үйлчилгээ богино хугацаанд хөгжих эерэг талтай л даа.
-Та түрүүн хазарачууд гэж хэн юм, уг гарвал нь юу юм гэх сэдвээр ярилцсан гэсэн. Монголчуудын хувьд Цагаадайн улсаас үлдсэн мянгат, хазара буюу перс хэлний “мянгат” гэх үгээр л та бүхнийг төсөөлдөг?
-Ер нь бол хазара монголчууд афганчуудаас огт өөр. Хазара хэлэнд маш олон монгол үг байна. Хазара хүмүүс зан ааш, дүр төрх, сэтгэл зүрхээрээ ч өөр. Бидэнд чамтай, бас монголчуудтай адил маш олон зүйл байна. Намхан нуруу, төвгөр шанаа, бор хүрэн нүд гээд гадаад төрх, зан аашийн хувьд их адилхан. Түүнчлэн, одоо ч эсгий гэртэйгээ нүүдэллэн амьдарч, мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй хазарачууд олон. Энэ мэт ёс заншил, үүсэл гарвал, ахуй, хэл соёлын хувьд бид Чингис хааны удам юм. Их Монгол улс хүжирхэгжиж, ойрхи дорнод, дундад Азийг эрхшээлдээ оруулж, улмаар Чингис хаан дөрвөн хөвгүүндээ нутаг тасдан өгсний нэг нь Цагаадайн улс гэж бий болсон. Гол цөм нь одоогийн Афганистаны төв хэсэг юм. Энэ их гүрэн XVI зууны сүүл хүртэл оршин тогтнож байв. Тиймдээ ч хазарачууд одоо ч Афганистаны төв хэсэгт нутагшиж байгаа юм.
-Бид хэвлэл мэдээллийн хэрэгслээс л хазарачуудын тухай ойлголт олж авдаг. Зөвхөн монгол төрхтэйнх нь төлөө хазарачуудыг зуу, зуугаар нь хөнөөж байна гээд л сонсогддог. Ер нь байдал ямар байдаг юм бэ?
-Монголчууд Манжийн дарлалд байсан гэдэг шиг хазарачууд сүүлийн 200 гаруй жил үймээн самууны хөлд үрэгдэж, зүгээр л монгол дүр төрхтэйнхөө төлөө ад үзэгдэж, амь эрсдэж байсан. Одоо ч ийм зүйл гардаг. Ер нь, 100 гаруй жилийн өмнө байдал үнэхээр хүнд байсан. Саяхнаас, 2000-аад оны үеэс арай дээрдсэн гэж болно. Түүнээс өмнө хазара хүүхдүүд сурч боловсрох эрхгүй байв. Хазара хүн нийгмийн үйлчилгээ авах боломжгүй, хязгаарлагдмал байлаа. Одоо байдал арай дээрдсэн л дээ. Гэхдээ л Афганы Засгийн газраас хазарачуудын тухайд хатуу бодлого барьдаг хэвээр. Үүний илрэл нь дээр дурдсан “ТУТАП” төсөл юм. Хазара хүн төрийн албан тушаал хаших эрхгүй, хавчигдана, гадуурхагдана. Хазара залуус сурч боловсрох, хөгжиж дэвших тухайд ч эрхээ эдэлж чадахгүй нь би.
-Таны хувьд Монголд ирээд таван жил болж байгаа гэсэн. Ямар шугамаар хэрхэн ирсэн тань сонирхолтой байна?
-Афганы Засгийн газрын тэтгэлэг, квот гэж ойлгож болно. Гэхдээ энэ квот хазарачуудад олдохоосоо олдохгүй нь их л дээ. Миний хувьд аз таарч Монголд сурах эрх авч энд ирсэн. Хазара хүнд сурч боловсрох завшаан олдвол хамгийн сайн оюутнууд хазарачууд л байдаг. Хамгийн сайн эмч, инженер, эдийн засагч, хуульч болдог гээд хазарачууд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, өсч дэвжих боломжтой, чадамжтай хүмүүс. Одоо хазарачуудаас АНУ, Австрали, Европын орнуудад сурч байгаа хүн их болсон.
-Монголд ирсэн анхны сэтгэгдэл ямар байв. Төсөөлж байсантай чинь хэр дүйв?
-Өмнө нь Монголын тухай перс хэл дээр уншиж байсан. Гэхдээ үнэн гэхээс илүү худал зүйл их бичигдсэн байдаг. Бидний өвөг дээдэс олон зууны тэртээд персүүдтэй дайн хийж, Их Монгол Улсын нэг хэсэг болгосон. Тиймдээ ч тэд монголчуудад дургүй, бидний түүхийг мушгин гуйвуулж, худал бичсэн нь их. Гэхдээ миний уншиж байсан түүх төсөөлөл хоёр огт өөр байсан. Мэдээж хазара хүн Монголд ирнэ, тэр тусмаа тодорхой хугацаанд сурч боловсорно, суурьшина гэдэг завшаантай хэрэг. Тиймдээ ч анх ирсэн сэтгэгдэл миний төсөөлснөөс ч илүү байв. Сайхан, үнэхээр сайхан санагдсан. Монголчууд их найрсаг, бидэнтэй их адилхан. Бид удам угсаа, цус нэгтэй ах дүүс шүү дээ. Ирээд удаагүй байхад хазара монгол гэхээр хүмүүс тэр бүр ойлгож, таньдаггүй байлаа. Одоо огт өөр болсон. Монголчууд ч хазара монгол гэхээр ах дүү шигээ хүлээн авдаг болсон. Яагаад ч юм Монголд хөл тавьсан даруйд “homeland” (эх орон, гэр орон) гэх үг санаанд орсон.
-Өвөрмонголчууд халх Монголтой эргэн нэгдэх, Хятадаас салан тусгаарлах оролдлого хийж байсан. Одоо ч энэ бодлоо тээж явдаг нь бий гэдэг. Магадгүй үүнийг туурга тусгаар монголчуудын өнийн хүсэл гэж болно. Хазарачуудын хувьд?
-Адилхан. Бид ч энх тунх, хүний эрхийг дээдэлсэн хамгийн гол нь эрх чөлөөт нийгмийг хүсч байна. Дүр төрх, гарал үүслээр нь адалж, амь насанд нь халддаг нийгмийг хэн ч хүсэхгүй. Тэр дундаа үндэсний цөөнх гэгдэж ад үзэгдэх, хавчигдах хэцүү. Хувь хүн ч гэсэн хүнд хэцүү үед ах дүү, ойр тойрны хүмүүсээ л түшдэг шүү дээ. Тиймдээ ч хазарачууд бид монгол ах дүүстэйгээ харилцаа холбоогоо сайжруулахыг хүсээд байгаа юм. Хазарачуудын өнийн хүсэл ийм л байна. Харилцаа холбоогоо улам сайжруулах хэрэгтэй санагддаг. Энэ зөвхөн миний байр суурь, үзэл бодол биш. Мянга мянган хазара хүн ингэж хүсч, мөрөөдөж байгаа. Бизнес, эдийн засаг, соёл, боловсролын салбарт байнгын харилцаа холбоо тогтоож, Монгол Улсын Засгийн газар, Афганистаны Засгийн газартай харилцаа холбоогоо сайжруулмаар байна.
Магадгүй Афганистанд Монгол Улсын Элчин сайдын яам байгуулж болмоор санагддаг. Ер нь тэгээд зөвхөн Хазара, Монгол гэлтгүй Тува, Халимаг, Өвөрмонгол гээд дэлхий даяар тархан суурьшсан монголчууд тодорхой хэмжээнд харилцаа холбоотой баймаар байна. Ядаж урлаг, спортын салбарт ойр дотно нөхөрлөж чадвал Монгол Улс эргэн хүчирхэгжинэ. Бид үнэхээр олон жил хол, хөндий байлаа шүү дээ.
-Та дээр хэлэхдээ перс хэл дээр бичигдсэн түүх худал байх нь их гэсэн. Хазарачуудын үүх түүх хэрхэн бичигддэг тухай сонирхвол?
-Хазара хүн оюуны цар сайтай. Тиймдээ ч сурч боловсрох боломж олдвол хамгийн сайн мэргэжилтэн болдог. Бидний хувьд үүх түүхээ өөрсдөө бичсээр өдий хүрсэн. Түүхийн ээдрээт самуун цаг үед үүх түүх маань баларч, үрэгдэж болох байсан ч өдий хүртэл өөрсдийгөө хэн болохыг мартаагүй. Бид бол Чингис хааны үр удмаас дундад Азийн нутагт, Их Монгол улсын голомтыг сахьж үлдсэн хүмүүс. Үүгээрээ ч бахардаг. Гэхдээ саяхныг хүртэл “Монгол” гэж ам нээх эрхгүй, айдас хүйдэстэй явсан.
-Одоо Афганистанд хазарачуудын нийгэмд эзлэх байр суурь ямар байгаа вэ. Таны хэлснээр “Монгол” гэж дуугарах эрх, зүрх зоригтой нь бий юу?
-Байлгүй яахав. Нийгэмд эзлэх байр суурийн хувьд 20, 30 жилийн өмнөхийг бодвол арай өөр болсон. Гэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тухайд эрсдэл ихтэй. Хазарачууд Афганистаны төв хэсэгт илүүтэй суурьшсан гэж хэлсэн. Монголынхоор бол аймаг юм уу даа, Хэрат, Бамян, Дайкунди, Гор гэх газар тархсан нь их. Бамян аймгийн Бамян хот хамгийн олон хазара оршин суугчтай, том хотуудын нэг. Тэндээс нийслэл Кабул руу явах замд маш олон зэвсэгт дээрэмчид, алан хядагчид таардаг. Зам дээр отолт хийдэг нь их. Тэр замд хазарачуудад халдах, амь насыг нь бүрэлгэх тохиолдолд олон гардаг. Элдэв үймээн самууны хөлд үрэгддэг нь их. Энд та бүхний хэвлэл мэдээллээс сонсдог шиг хоморголон устгасан тохиолдол гардаг. Зөвхөн монгол төрхтэйнхөө төлөө амиа алдах хүн нэг биш шүү.