Анх Америкт хятад хэл дээр гардаг жижиг сонин байснаа яваандаа хүрээгээ тэлсээр өдгөө дэлхийн 35 оронд редакцтай, 10 хэлээр 1,3 сая хувь хэвлэгддэг “The Epoch Times” таймс сонинд Хятадын хүнс ба эм, эмийн бэлдмэлийн салбарын хараа хяналт дэндүү сул байгааг анхааруулсан нийтлэл гарчээ. Ийнхүү хараа хяналт сул байгаагаас болж ургамлын тос эсвэл хүүхдийн вакцин худалдаж авсан өөрийн болон өрөөлийн иргэд хордох аюул өндөр байгаа юм байна.
Тухайлбал, Хятадын цөөнгүй зоогийн газар, үйлдвэрүүд нь цогцосыг муудахаас сэргийлэх зорилгоор ашигладаг формальдегидийг далайн гаралтай бүтээгдэхүүн боловсруулахдаа ашиглах, опиум нэртэй мансууруулагч бодисыг лапшаандаа нэмэх зэрэг зохисгүй үйлдэл гаргадаг гэж тус сонинд бичсэнээс товчлон хүргэе.
Хүнд металлын хольцтой түргэн исгэгчМантуу нь Хятадын уламжлалт идээний тоонд багтдаг. Ялангуяа дөнгөж жигнүүрээс гаргаад уур савсуулсан халуун байхдаа их амттай. Мантууг аль болох удаан хугацаанд зөөлөн байлгаж, хатахаас хамгаалахын тулд Шаньси мужийн нэгэн зоогийн газар онцгой төрлийн түргэн исгэгч ашиглаж байжээ. Энэхүү онцгой түргэн исгэгчийн найрлагад алюмини буюу хөнгөн цагаан гэдэг нэрээр хүмүүсийн мэддэг хүнд метал ордог байж гэнэ. Хөнгөн цагаан нь хүний биед хуримтлагддаг бөгөөд ихээр хуримтлагдаад ирэхээр яс, мэдрэлийг гэмтээн ой санамжийг муутгаж, Альцгеймерийн өвчин нэртэй тархи, сэтгэцийн хүнд өвчин эхлэх шалтгаан болдог аюултай.Энэхүү түргэн исгэгчийн 2014 онд эрх баригчид хортой гэж хориглосон байдаг ч зоогийн газрын эзэн Тан гэгч нь 2016 оны дөрөвдүгээр сард баривчлагдах хүртлээ мантуу хийхдээ ашиглаж байжээ.
Формальдегидтэй сам хорхойСам хорхойг цэвэрлэхэд хэцүү байдгийн дээр далайн гаралтай бүх бүтээгдэхүүний адил муудахдаа хурдан аж. Иймд Шаньдун мужид байдаг нийлүүлэгчид сам хорхойгоо формальдегидэд дэвтээдэг тухай “Qingdao Daily” сонин өнгөрсөн оны есдүгээр сард бичиж анхааруулж байсан. Ингэж формальдегидэд дэвтээсний дараа сам хорхойг хадгалах хугацаа нь уртасч, цэвэрлэхэд хялбар болдог юм байна. Формальдегид нь бөөлжүүлэх, дотор муухайруулах зэрэг нөлөө үзүүлэхээс гадна залгиур хоолойн хорт хавдар, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг анагаах ухаан нотлоод удаж байгаа ч ийм аргыг бүр 2002 оноос хойш хэрэглэсээр иржээ.
Формальдегидийг гол төлөв сам хорхойн гадаргыг боловсруулахад хэрэглэдэг гэнэ. Бүр 2011 онд хүнсний химийн мэргэжилтэн “Bandao Metropolis Daily” сонинд тайлбар өгөхдөө формальдегид сам хорхойн хадгалах хугацааг уртасгадаг төдийгүй харагдах байдлыг нь шинэ мэт, үзэмжтэй болгодог гэж хэлж байсан.
Опиумтай лапшаХятадын хувьд намуу цэцгээс гарган авдаг опиум нэртэй хар тамхи хамгийн муу муухай дурсамж дагуулмаар. Манжийн үед опиум хар тамхинд донтсон хятад хүний тоо хэдэн саяар тоологдож, донтолтыг тархалтыг зогсоохын тулд эрх баригчид нь өрнөдийн орнуудтай дайтаж ч байсан. Гэтэл орчин үеийн Хятадад лапша зардаг зарим кафе нь үйлчлүүлэгчдэдээ дасал үүсгэж, байнгын болгохын тулд лапшандаа опиумыг сэм хийдэг байсан нь илэрсэн аж.
2015 оны наймдугаар сард Ченду хотын Ван гэгч залуу армид алба хаахаар зэхэж байж. Тэрээр өдөр болгон л нэг л цайны газраар орж аяга лапша иддэг байв. Цэрэгт явахын өмнө өгсөн шээсний шинжилгээний хариунд нь морфиний төрлийн мансууруулах бодис их хэмжээгээр илэрснээр дуулиан дэгдэж энэ тухай “Beijing news” бичсэн.
Түүнээс хойш Хятадын 19 мужийн 80 орчим зоогийн болон цайны газрууд хоолондоо опиум нэмдэг байсныг илрүүлсэн гэдэг. Бээжин их сургуулийн дэргэдэх мансуурах дон судлалын төвийн тэргүүн Лу Линь нь опиумтай хоол нь үнэхээр мансууруулах бодисоос хамааралтай болгох аюултайг хэлсэн.
Хавдар үүсгэгч фүчжү
Фүчжү буюу шошийн сүүний өрөм нь Хятадад нэртэй бүтээгдэхүүн. Түүнийг хүйтнээр нь эсвэл цуунд чанаж иддэг. Гэтэл “Douqing” гэсэн тэмдэгтэй фүчжү нь ронгалит нэртэй маш аюултай, хорт хавдар үүсгэгч бодис найрлагадаа агуулж байсныг 2013 онд илрүүлсэн. Ронгалит нэмж хийсэн фүчжү нь илүү цагаан бөгөөд зуурамтгай болж, шинэ мэт харагддаг тул борлуулалтад нь сайнаар нөлөөлдөг байсан гэнэ. Ронгалит нь толгой өвдөх, нойрмоглох нөлөө үзүүлэхээс гадна хамар ба хоолойн хорт хавдар үүсгэдэг аюултай.
Аюултай нөөшлөгчБүтээгдэхүүнийг удаан хугацаанд муутгалгүй хадгалах боломж олгодог бодисыг нөөшлөгч буюу консервант гэдэг. Шиши хотын нэгэн дэлгүүр нь борлуулдаг гоймондоо натрийн борат нэмдэг байсан тухай “Strait Metropolis Daily” сонин 2014 онд мэдээлж байсан.
Натрийн борат бол өмнө нь Хятадад тун өргөн хэрэглэгддэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байсан. Гэвч хүний биед их хэмжээгээр хуримтлагдаад ирэхээрээ үхэлд хүргэх аюултай байдгийг тогтоосон тул хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг нь хориглосон. Натрийн борат нь бөөлжүүлж, гүйлгүүлдэг бөгөөд заримдаа ердөө тавхан грамм натрийн борат нь хүүхдийг үхэлд хүргэж чаддаг бол том хүнийг 20 грамм нь үхүүлэх аюултай.
Хятадад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн тойрсон хортой бодис, хордлоготой холбоотой дуулиан байсхийгээд л гарч байдаг. Сүүлийн зургаан жилд есөн том дуулиан гарсан байдаг.
2008 оны наймдугаар сар. Шавьжны хортой баншЯпонд Хятадаас импортлон оруулж ирдэг баншинд метамидофос нэртэй шавьж устгагч хор их хэмжээгээр илэрсэн тухай Японы цагдаагийн газар мэдэгдсэнээр дуулиан эхэлсэн. Баншин дахь метамидофосын хэмжээ зөвшөөрөгдсөнөөс 10 мянга дахин өндөр байсан. Үүнээс үүдээд шинжээчид энэ хэмжээ нь байхыг зөвшөөрдөг үлдэц агуулга байх боломжгүй, өөрөөр хэлбэл баншинд шавьжны эсрэг хорыг санаатай хийсэн гэж үзсэн.
2008 оны наймдугаар сар. Меламинтай сүү
Хүнд хортой меламин нэмэх замаар хүүхдийн тэжээл дахь уургийн хэмжээг зохиомлоор нэмэгдүүлэх аргыг хэрэглэсний улмаас 300 мянга гаруй хүүхэд хордож, зургаан хүүхэд амиа алдсан хэрэг гарсан. Хятадад үйлдвэрлэдэг 154 нэрийн хуурай сүүнд шинжилгээ хийхэд 13 хувьд нь меламин нэмсэн байсан нь илэрсэн.
2010 оны тавдугаар сар. Хаягдал тосны дахин хэрэглээ
Зоогийн болон цайны газрын хаягдал тосыг гудамжны худалдаачид дахин хэрэглэдэг болох нь тогтоогдсон. Ингэснээр шинэ тос худалдан авахад зарцуулдаг зардал нь эрс багасдаг аж. Багцаагаар Хятадад хийдэг арван хоол тутмын нэгийг өмнө нь хэрэглэсэн хаягдал тоосоор хийдэг гэж зарим судлаач үздэг юм байна. Дуулианы мөрөөр бохир тосыг дахин боловсруулж, хямд зардаг байсан хэд хэдэн хууль бус том үйлдвэрийг Хятадын цагдаа нар хаасан.
2011 оны гуравдугаар сар. Кленбутеролтой мах
Кленбутерол нэртэй хорт хавдар үүсгэх аюултай бодисын Хэнань ба Нанкин мужийн гахайн ферм, мал нядалгааны газруудад их хэмжээгээр ашигладаг байжээ. Энэ бодисыг гахайн бордоонд хийхэд өсөлт нь хурдсан, богино хугацаанд их жин авдаг юм байна. Кленбутерол нь толгой өвдөх, зүрхний цохилт түргэсэхээс эхлээд тахир дутуу болгох хүртэл ноцтой үр дагавартай. Маш олон оронд бордоонд нэмэхийг нь албан ёсоор хориглосон байдаг.
2011 оны дөрөвдүгээр сар. Харанхуйд гэрэлтдэг гахайн мах
Харанхуйд гэрэлтдэг гахайн махны тухай мэдээлэл интернэтээр цацагдаж эхэлсний дараа Хятадын хяналтын байгууллагынхан арга буюу шалгалт явуулсан. Ингээд шинжилгээ хийсний дараа мах нь харанхуйд гэрэлтэгч буюу фосфор гэрэл цацруулагч бактериар бохирдсон болохыг тогтоосон. Махыг зохих стандартын дагуу чанаж, шарах зэргээр дулаанаар боловсруулахад нян үхдэг тул хүнсэнд хэрэглэж болно гэсэн тайлбарыг орон нутгийн эрх баригчид өгсөн ч хэрэглэгчид итгээгүй.
2012 оны арваннэгдүгээр сар. Хортой тэжээлээр бордогдсон тахиа
Хятад дахь “KFC” компани нь хортой гэхэд дэндүү хортой тахианы мах нийлүүлж, борлуулж эхэлсэнд “KFC” үйлчлүүлэгчид асар ихээр дургүйцсэн. Зарим хүний яриагаар махан дээр буусан ялаанууд хүртэл үхэж байсан аж. Тахианы маханд шинжилгээ хийхэд өсөлт хурдасгагчаас эхлээд маш олон хортой химийн бодис илэрсэн гэнэ.
2013 оны тавдугаар сар. Цагаан будаан дахь кадми
Кадми болон бусад төрлийн хүнд металууд усжуулалтын системээр дамжин цагаан будааны талбайд орон хордуулж эхэлсэн. Гуанчжоу мужийн хяналтын ажилтнууд цагаан будааг шинжлээд 44 хувиас нь кадмийн маш өндөр хэмжээг илрүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Кадми нь цагаан будаагаар дамжин хүний биед хуримтлагдсаар бөөрийг гэмтээж, уушиг сунах, ясны хорт хадвар үүсгэх аюултай.
2013 оны тавдугаар сар. Хуурамч хонины мах
Нугасны махыг тусгай аргаар боловсруулан зоогийн газруудад хонины мах гэж арай хямд зардаг гэмт этгээдүүдийг баривчилсан тухай Хятадын төрийн мэдлийн сонин, хэвлэлүүд мэдээлсэн. Нугасны махыг хониных болгож харагдуулахын тулд хүний эрүүл мэндэд маш аюултай химийн бодисууд нэмдэг байж. Үүний улмаас хиамны өнгийг улаан болгох, хадгалах хугацааг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг натрийн нитратын агуулга гэхэд л зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2000 дахин өндөр байсныг тогтоосон. Хятадад хонины мах нь нугасны махнаас илүү үнэтэй байдаг, харин хуурамч хонины мах нь ердийнхөө 50 хувь хямд байж.
2013 оны зургаадугаар сар. Нугасны өндөгнөөс зэс илэрсэн
Зэс нь хэт хэмжээгээр бол хүний биед тун хортой. “Мянган жилийн өндөг” нэртэй нугасны нөөшилсөн өндөг нь Хятад, Тайваньд алдартай. Өндгийг бэлдэхдээ давс, сод, кальцийн исэлтэй хамт хоёр сарын турш нөөшлөн хадгалдаг. Ингэхэд өндөг маш хатуу, бараан өнгөтэй болдог. Гэтэл зэсийн байван хэрэглээд л бэлэн болтол нөөшлөх хугацаа нь нэг сар болж богиносдог байна. “Мянган жилийн өндөг”-ийг бэлдэхдээ зэсийн байван нэмдэг байсан 30 гаруй компанийг яаралтай хаасан. Зэс хэт их хэмжээгээр хүний биед орох үед нойргүйтэх, ой тогтоол муудах, халуурах, эрээн булчин татах, элэг ба бөөрний үйл ажиллагаа алагдана, тууралт гарах г.м. таагүй шинж тэмдэг илэрдэг.