Монголын өнөө цагийн цуутай хатагтай нарын нэг “Алтжин”-гийн гэх Г.Алтан бэл нүнжгээрээ хэрийн хүнийг дагуулахгүй. Тансагийн дээдийг эдлэх энэ эрхэм хатагтайн хөөрөгний цуглуулгыг тэр бүхэн мэдэхгүй. Харин юм мэдэх хашрууд түүнийг жинхэнэ үнэт эдлэлийн дээд болсон хэд хэдэн хөөрөгтэй гэх юм билээ.
Алтан хатагтайн хөөрөгний цуглуулгад хөөрөг хөөрөгийн дээд шүрэн хөөрөг хэд бий. Түүн дотор 17, 18 дугаар зууны хоёр хөөрөг нь олон ч хүний шүлсийг асгаруулдаг гэнэ шүү. 17 дугаар зууны шүрэн хөөрөг нь цуглуулагчдын дунд “Хатагтай” гэж нэрлэгдсэн асар нарийн хийцтэй эртний үнэт хөөрөгнүүдийн нэг гэлцдэг. Харин 18-р зууны шүрэн хөөрөг нь цул шүрийг ухаж давхар бумба хэлбэртэй хоёр хөөрөг болгоод навч, жимс тэргүүтнээр гоёж урласан гайхам сайхан эд гэнэ.
Хатагтайд бас хуучны пийсүү хөөрөг бий. Зоосон тамгатай эртний дүрсэн хэлбэртэй эл хөөрөг ёстой л чамин тансагийн дээд. Чулуу чулуунд дээд Чүнчигноров хөөрөг ч түүний гайхам цуглуулгад байр сууриа эзэлсэн байдаг. Алтан хатагтайн сүүжин хөөрөг ч энэ төрөлдөө манлайд явах тийм тансаг эд. Хөөрөгнийхөө талтай тэнцэм шүрэн толгойтой эл хөөрөг нь нэвт харагдам тунгалаг. Түүний цуглуулгад уран гартны ур шингэсэн нэгэн хөөрөг тодоос тод харагдана. Юу гэхээр 18-р зууны үеийн мана хөөрөг нь хэсэгхэн газар холилдсон бараан өнгийг нь уралсан хүнийх нь ур ухаанаар бухын дүрс болгосон нь гайхам харагддаг. Түүний баялаг цуглуулгаас цухас дурдвал ийн бөлгөө.