Испанийн Андалусия өөртөө засах мужийн Томарес хотод IV зууны үеийн 600 орчим кг хүрэл зоос олдсон тухай “El País” сонинд мэдээлжээ.
Лхагва гарагт хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд барилгын ажил хийж байсан экскаваторын жолооч нар зоосоор дүүргэсэн эртний Ромын үеийн 19 ширхэг шавар ваар олсон байна. Испанийн археологичид эдгээрийг хосгүй олдвор гэж үнэлжээ.
Хүрэл зооснуудын нүүрэн талд Ромын эзэнт гүрний хаад болох Диоклетиан /245-313/, Максимиан /250-310/, Нэгдүгээр их Константин /272-337/ нарын хөргийг дүрсэлсэн байна. Үүнээс гадна эртний Ромын үеийн шавар ваарнуудаас 10 нь бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн байжээ.
Археологийн хосгүй олдворыг Севилья хотын Археологийн музейд шилжүүлэн өгсөн байна. Эдгээр зоос нь эзэн хаанд төлөхөөр цуглуулсан татварын мөнгө байсан гэж таамаглаж байгаа аж.
ЭХ СУР: МОНЦАМЭ