АНУ-ын Тенниси мужийн Севиеруиллийн ойролцоо жуулчид тээвэрлэж байсан нисдэг тэрэг манантай ууланд осолдсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Ослын улмаас таван хүн амиа алдсан бөгөөд уулын өндөрлөг хэсэгт манан ихтэй, цаг агаарын онц ноцтой байдал үүссэн байж. Онгоц үдээс хойш гурван цаг 30 минутын үед осолдсон гэжээ. “Бэлл 206” нисдэг тэрэг нь техникийн бүрэн оношилгоонд орсон, ямар нэг асуудалгүй байсан талаар аялал жуулчлалын компанийн зүгээс мэдэгдэж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Мужийн цагдаагийн алба ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ч гадны нөлөөгүй нисгэгчийн ур чадвар, байгалийн үзэгдлээс болж осолдсон байх магадлал 99 хувьтай гэж эхний дүгнэлтээр үзжээ. Осол гарах үед нисдэг тэрэг газар хүчтэй унаж, элгээрээ осолдсон байна. Шатсан байдалтай олдсон нисдэг тэрэгний сүүл хэсэг нь бүтэн байжээ. Газар унасны дараа дэлбэрсэн байж магадгүй хэмээн галын мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Ямартай ч АНУ-д сүүлийн өдрүүдэд иргэний агаарын тээврийн осол олноор гарах болсон нь энэ салбарт шинэчлэл хэрэгтэйг илтгэсээр байна гэж хэвлэлүүд бичжээ.