Зам дагуу зогсож байсан автомашиныг онгоц мөргөж зорчигч нас барсан хэрэг АНУ-д гарсан байна. Тодруулбал, АНУ-ын Сан Диего мужийн хурдны зам дагуу зогсож байсан жийпийг зорчигч тээврийн жижиг онгоц араас нь мөргөж нэг хүн нас баржээ. Нийт таван хүн бэртэж гэмтсэн уг осол нисгэгчийн буруутай үйлдлээс болсон гэдэг нь тогтоогдсон аж. Амиа алдсан хохирогч 20 настай эмэгтэй байсан бөгөөд хэргийг цагдаагийн ажилтнууд шалгаж, ямар учир шалтгаанаас болж энэ хэрэг гарсан талаар нарийн тодруулахаар ажиллаж байна. Хохирогчийн тал гомдолтой байгаа талаар мэдүүлж иймэрхүү осол сүүлийн жилүүдэд их болж байгааг онцлоод жижиг онгоц, агаарын тээврийн тухай хуулийг чангалах цаг ирсэн гэдгийг хэлжээ. Онгоцны нисгэгч техникийн саатал гарсан учраас хурдны зам руу орохоос өөр сонголтгүй байсан талаар эмнэлэгт хэвтэж байхдаа мэдүүлжээ.