Н.БАТ
Нигерийн угаадас, хогоор дүүрсэн бохир гудамжинд өлсгөлөнгийн улмаас турж үхэхээ шахсан хоёр настай хүүг олж, амьдрал бэлэглэсэн нэгэн эмэгтэйн тухай зураг олон нийтийн сүлжээгээр тархаж, дэлхийн өнцөг булан бүрээс талархлын үгс урссаар байгааг Азийн “жижигхэн” монголчууд бид ч олж харсан.
Хоуп буюу Итгэл найдвар хэмээн нэрлэсэн хүүг олсон Аньей хөл дээр нь босгохын тулд өдөр бүр цус хийх шаардлагатай байгаа тухай олон нийтийн сүлжээнд бичсэн даруйд тэдэнд туслах хөдөлгөөн өрнөн хоёр өдрийн дотор сая ам.доллар тусламж болгон дэлхий өнцөг булан бүрээс илгээсэн гэдэг. Хүү хөл дээрээ боссон төдийгүй дараа дараагийн эмчилгээгээ ч хийлгэжээ. Энэ бол биднээс хол ч, амьдарч буй дэлхий ертөнцөд маань болж байгаа үйл явдал.
Тэгвэл бидэнд ойрхон, бидний ертөнцөд өдөр бүр тусламж хүссэн ээж, аав, үр хүүхэд байгааг нийгмийн сүлжээнд буй мэдээнүүдээс харж болно. Анагаах ухаан хөгжихийн хэрээр эдгэшгүй өвчин гэж үгүй болсон мэт, хэрвээ та мөнгөтэй бол гадагшаа явж эмчлүүлэх боломж бий гэх үгс эмчийн амнаас урсах болж. Гэвч монголчуудад хэдэн зуун саяар нь эмчилгээ хийлгэх бэл юу билээ.
Монголдоо л 20 сая төгрөгийн хагалгаанд орох гэж хамаг байгаа хөрөнгөө зарж үрж байгаа хүн олон байгаа нь үнэхээр харамсалтай.
Эмчилгээ хийлгээд үр хүүхдэдээ харагдаж байхсан, үр хүүхэд л байвал гэх эх, эцгийн сэтгэлийг юутай ч зүйрлэх аргагүй учраас эмчилгээ эрэн бэдрэх бусаддаа гар сунган туслах нь өнөөдөр бидний үүрэг болчихож. Тэднийг эдгэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа учраас итгэл найдварт дэм болдог. Хэрвээ бид дотооддоо эдгээр өвчнийг эмчлэх чадвар хийгээд боломж байсан бол гэж хүн бүр л боддог. Гэвч...
Өнөөдөр ч анагаахын шинжлэх ухаан хүчин мөхөсдөж байгаа цөөн хэдэн өвчнийг Монголд оношилж эмчлэх нь байтугай тодорхой ойлголт ч олж авахад хэцүү байгааг хэрхэх үү. ДОХ бол нэгэнт дэлхийг цочроож, олон арван хүний амийг авч оддог вирус учраас дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, эрдэмтэд энэ вирусын ерөндгийг олох гэж өдөр бүр хичээж ажиллаж байна гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл аутизм гэх өвчний талаар бид ямар ойлголттой байдаг вэ. Анагаахын шинжлэх ухаан энэ өвчин чухам юунаас үүдэж байгааг, хэрхэн эмчлэх талаар өнөөг хүртэл яагаад нээлт хийж чадахгүй байгаа нь юунаас үүдэлтэй вэ.
Аутизм гэж ...
Аутизм өвчтэй хүүгээ эмчлүүлэх гэж тив дэлхийг тойрч яваа залуухан эцэг эх. Монголын Хөвсгөлийг, тэнд амьдардаг бөөг зорин ирэхдээ хүүгээ эдгээчихнэ гэсэн итгэл тээж буй хосууд. “Морьтой жаал” хэмээх энэ кино дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Морьтой жаал”-ыг үндэсний телевизээр гаргав. Өөрийгөө гадаад орчноос тасалж, бусадтай харилцах чадваргүй, өөрөөр хэлбэл харилцааны асуудалтай хүүхдийг л аутизмтэй хэмээн нэрлээд байна хэмээн энгийнээр ойлгож болох нь.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2007 онд энэ өвчинд дэлхий нийтээрээ анхаарал хандуулахыг уриалан “Аутизмыг таниулах дэлхийн өдөр”-ийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд тэмдэглэж байхаар Ерөнхий Ассамблейн тогтоол гаргасан гэдэг. Хүн гэдэг зовлон өөрт тохиолдож байж л мэдэрдэг жамтай. Харин сүүлийн жилүүдэд даяаршил гэгчийн ачаар мэдээллийг бие биедээ түгээх тал дээр тун шуурхай болоод буй. Тиймээс л надад тохиолдоогүй бол гэх хувиа хичээсэн зангаа хойш тавиад дэлхий нийтийн анхаарлыг татаж, анагаах ухааныг хүч мөхөсдөхөд хүргээд байгаа аутизм гэх өвчний талаар бие биедээ мэдээлэл түгээж, анхаарал хандуулья. Манай хойд хөршид зөвхөн дөрөвдүгээр сарын 2-ныг л аутизмыг таниулах өдөр хэмээн зарлаад зогсохгүй дөрөвдүгээр сарыг бүхэлд нь аутизмтэй хүүхдүүдэд чиглүүлж байна. Хандивын аян өрнүүлж, мюзикл тоглож, аутизмын шинж тэмдгийн талаарх мэдээлэл бүхий зурагт хуудсууд нааж, эмч нар лекц уншиж, зөвхөн тэдний тухай “Шувууны хэл” жүжиг нээж байна.
Учир нь, дэлхий нийтээр 68 хүүхэд тутмын нэг нь ямар нэг хэлбэрээр аутизмын эмгэгтэй байдаг гэсэн баримт бий. Хачирхалтай нь энэ өвчин хөвгүүдэд илүүтэй илэрдэг. Судалгаагаар хөвгүүдийн 42-ын нэгт илэрдэг гэдэг нь тодорхой болсон бол охидын 189-ийн нэгт гэсэн байна. Нийгмийн бүхий л давхрагад арьс өнгө, амьдралын хэвшлээс үл харгалзан энэ өвчний шинж тэмдэг илэрдэг гэнэ. Хэрвээ эрт оношилж чадвал бүрэн эмчлэхгүй ч бусадтай харилцах харилцааг нь бий болгож, өөрийг нь хөгжүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ. Бүх л зүйлсийг сонсч мэдрэх атлаа өөрөө харилцаа үүсгэж чадахгүй байна гэдэг...
Та зөвхөн өөрийнхөө дотоод ертөнцөд ганцхан өдөр амьдрах гээд үз. Бусадтай харилцахгүй, бусдын асуултанд хариулахгүй, өөртэйгээ ярилцаж буй хүний сэтгэл хөдлөлийг мэдрэхгүй, бусдад уурлаж баярлаж хариу үйлдэл үзүүлэхгүй гээд төсөөлөөд үз.
Аутизм гэх ийм л шинж тэмдэг бүхий өвчин гэнэ. Ийм өвчтэй хүүхдийг бид өмнө нь мэдрэлийн өвчтэй, сэтгэцийн гажигтай л гэж тодорхойлдог байсан бололтой. Ердөө 2012 оноос л Монголд энэ өвчний талаарх мэдээллийг түгээж эхэлсэн гэдгийг “Аутизм Монголиа-Анд хүүхдүүд” ТББ-ын тэргүүн Л.Нямгэрэл ярьсан байна. Түүний хүү аутизм гэх өвчтэй гэдгийг тэр гадаадын эмч нараас л сонссон. Монголд энэ өвчнийг анагаахад туслах мэргэжлийн сэтгэлзүйч байтугай, тодорхой мэдээлэл ч байдаггүйг эх орондоо ирээд мэдэрсэн. Ингээд төрийн бус байгууллага байгуулж, гишүүдийнхээ дэмээр сэтгэл зүйч багш Солонгост сурган, тусгай сургалттай анхны цэцэрлэгийг байгуулжээ. Судлаачид аутизмтэй нэг хүүхдүүд багадаа 10 гаруй хүн халамж тавих зайлшгүй хэрэгтэй гэж үздэг гэнэ. Харин манайд одоо л нэг тусгай цэцэрлэгтэй болж байгаа ч тэнд ажиллах мэргэжлийн багш дутагдалтай хэвээр...
Олон улсад аутизмыг мэдрэлийн бусад өвчинтэй хольж хутгаснаас үүдэн тухайн хүүхдийг эрт оношлож, эмчилж чадахгүй байх тохиолдол цөөнгүй гардаг учраас юун түрүүнд мэргэжлийн эмч нарыг түлхүү бэлтгэх бодлого барин ажиллаж буй гэнэ. Мөн эцэг эхчүүд энэ өвчний анхны шинж тэмдгийн талаар тодорхой ойлголттой байвал ядаж л хүүхдээ эрт оношлуулж эмчлүүлэх боломжтой болох нь тодорхой. Тийм учраас дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсад “Аутизмын таниулах дэлхийн өдөр” хэмээн онцлох болж. Тусгай сургууль, эмнэлгийг ч байгуулж буй юм байна. Харин манайд... Надад л тохиолдоогүй бол гэх хувиа хичээсэн зангаа хойш тавиад чих тавин чагная хэмээн ахин бичье.
Хөгжлийн бэрхшээл уу, сэтгэцийн гажиг уу хэмээн хэдийг хүртэл эргэлзсээр байх уу. Энэ бол зөвхөн эцэг эхийн, хувь гэр бүлийн асуудал биш. Мэргэжлийн эмч, мэргэжлийн эмнэлэг, мэргэжлийн мэргэжилтэн шаардлагатай. Мөн хамгийн чухал нь энэ өвчний тухай мэдээллийг бие биедээ түгээх.