Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэвдэж явахад тэвнээр тусалъя

ОРОН ГЭРГҮЙ БАЙХ ЯАХ ВЭ, ОРЧЛОНД АМЬДРАХААР ИРСЭН ҮРЭЭ АЛДЧИХ ВИЙ ГЭЖ АЙХ ЮМ
“...Аниа би удахгүй дүүтэй болно. Ээж намайг сайн хэвтээд ээжийнхээ үгэнд ороод байх юм бол маамуу дүүгээ авдаг том агаа болно гэж хэлсэн. Би маамуу дүүгээ авах юм чинь хурдан эдгэмээр байна. Эмчнүүд надад зөндөө олон тариа хийдий шдээ. Хүмүүс намайг эмнийхээ мөнгийг гуйж байна гээд шоолвол яанаа тийм ээ, аниа...” гээд дүрэлгэр том нүдээ аниад инээх нь энэ бяцхан хүүг О.Бат-Эрдэнэ гэдэг. Дөрвөн настай. Цусны цагаан эсийн хорт хавдартай гэсэн оноштой. Эх, нялхсын эрдэм шинжилгээний төвийн цусны тасагт тэрбээр эмчлүүлээд жил гаруй хугацааг өнгөрүүлж байгаа юм. Тоглох, хооллох нь хүртэл хязгаартай болж өвчинтэйгөө тэмцэж байгаа хүүгийн аав ээж нь өнөөгийн нийгмийн энгийн л нэг залуу гэр бүлийн төлөөлөл. Аав Т.Очирхүү нь хүүгийнхээ эм тарианы мөнгийг олохын тулд сүүлийн хоёр жилийг таксинд явж өнгөрүүлжээ. Эмч болох мөрөөдлөөрөө анагаахын сургуульд суралцаж байсан ээж Г.Нарангэрэл нь хүүгээ өвдсөн үеэс л сургуулиа орхижээ. Ингээд чадалтай, аргатай гэсэн лам хуварга бүхэн дээр очиж болно, бүтнэ гэсэн эмчилгээ бүхнийг хүүдээ хийлгэсэн байна. Эцэстээ унах унаа, хашаа гэрээ хүртэл зарж хүүгийнхээ эмчилгээнд зориулжээ. “Орон гэргүй байх бол яах вэ, орчлон дээр амьдрахаар ирсэн үрээ аймшигт өвчний гарт алдчих вий гэж л зовж явдаг. Бидний сэтгэлийг бүтэн байлгаж байгаа ганц сайн мэдээ нь миний хүүгийн өвчнийг монголдоо бүрэн эмчилж болно гэж манай эмч нар хэлсэн. Тэгэхээр гурван жил эм тариаг нь таслахгүй хийлгэвэл хүү минь эдгэнэ” гэдгийг залуу хосууд учирласан. О.Бат-Эрдэнэ хүүд долоо хоногт 300-аад мянган төгрөгний эм тариа хэрэг болдог гэнэ. 
Одоогоос яг жил гурван сарын өмнө хүүгийн биеэн дээр яасан нь мэдэгдэхгүй том том хүрэн, хөх өнгийн толбонууд харагджээ. Тоглож гүйж байгаад элдэв юманд хөл гараа ингэтлээ цохьчихдог юм байх даа гээд л монгол хүний хайхрамжгүй зангаар тэгсгээд л өнгөрч. Гэтэл тийм толбо харагдаад төд удалгүй хүүгийн хамраас цус гараад тогтохгүй лав гурван цаг болсон байна. Ингээд хамраараа цусаа юүлж цонхийж цайсан хүүгээ тэврэн залуус Эх нялхас руу гүйхээрээ очиж тусламж авсан ч аймшигт өвчнөөр хүү нь өвдсөн тухайг тэгж л мэджээ. 
Хүүгээ аврахын тулд ард түмнээсээ тусламж хүсэхээс өөр аргагүйд хүрсэн залуу хосуудад туслах гэсэн сайхан сэтгэлт хүмүүсийн баг эхнээсээ бүрдэж эхэлжээ. Юу гэвэл, МУГЖ Ж.Уранчимэг, СТА Д.Болд нар санаачлан хандивын тоглолт хийхээр хэдийнэ өдрөө товложээ. Тоглолтын орлогыг хүүгийн эмчилгээний зардалд бүрэн хандивлана гэж байгаа бөгөөд энэ сарын 17-ны өдөр УБТЗ-ын Соёлын ордонд хандивын тоглолтын хөшгийг нээх юм байна. 
Гэрт гадаагүй улс төр ярьж хямарлаа, нурлаа хэмээн бухимдаж суухаар нэг ч гэсэн монголын ирээдүйг “олуулаа” эмчилье. О.Бат-Эрдэнэ хүүд “Маамуу дүүгээ тэврэх” боломж хайрлаж ХААН банкны 5019454812 тоот дансанд тусламжаа нэгтгэх боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан