Н.УУГАН
Туркийн хил орчим цагаачдыг буудсан тухай мэдээллийг “Тimes” олон нийтэд цацав. Сирийн Хүний эрхийн төвийн мэдээллийг эх сурвалж болгон хэдэн сарын өмнөөс Сириэс хил давахыг оролдсон цагаачдыг Туркийн талаас буудсан хэмээн Английн “Тhe Times”-т бичжээ. Дөрвөн сарын хугацаанд нийт 16 хүн нас барсан гэнэ. “Сирийн эрх чөлөөт цагдаа” байгууллагын офицерын бичсэнээр хил орчим хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байна гэжээ. Хэвлэлийн эх сурвалжийн мэдээлснээр өмнө нь дүрвэгсдэд тусалж байсан хүмүүс өнөөдөр тэдний эсрэг буудаж байгаа юм байх. “Тhe Times”-т мэдээлж буйгаар Европын холбооны зүгээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дүрвэгсдийн эсрэг бодлого гаргаж тоог нь хязгаарлах тухай яригдсанаас үүдэн Европын орнууд Сирийн иргэдийг хүлээж авахаас эрс татгалзах болсон байна. Учир нь, 2015 онд Европын холбоо дүрвэгсдийн хөлд нэрвэгдэж, олон ч халдлагад өртөв. Турк, Грекээр дамжин 85 мянган дүрвэгч Европ тивд хөл тавьжээ. Өөрөөр хэлбэл, Европын холбооны нутаг дэвсгэрт өнгөрсөн жил нэг сая гаруй дүрвэгч нэвтэрсэн гэж болох нь. НҮБ-ын зүгээс 2016 онд дүрвэгсдийн тоо хоёр дахин өснө гэсэн дүгнэлт гаргасан гэнэ. Мэдээж Европ тивд энэ хамгийн их хамаатай. Тиймээс энэ сарын дундуур буюу гуравдугаар сарын 18-ны өдөр Европын холбооны улс орнуудын удирдлагууд чуулж, дүрвэгсдээс үүдсэн хямрал болж буйг онцлоод Туркээр дамжин орж ирж буй дүрвэгсдийг хязгаарлах хэлэлцээрт хүрчээ. Тэд бичиг баримтгүй хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх гэрээг мөн Турктэй баталгаажуулах юм. Харин Туркийн төр засгийн зүгээс манай орон иргэний дайны хөлд нэрвэгдэж, зовлон зүдгүүр үзэж байгаа энгийн номхон иргэдэд үргэлж хаалгаа нээх болно гэсэн байр сууриндаа хэвээр байгаа хэмээн баталж буй. Хэрвээ Европын холбооны орнуудын Турктэй зөвшилцвөл Турк, Грекээр дамжин бичиг баримтгүй орж ирэгсэд тэндээ шингэхээс өөр аргагүй болох нь. Туркийн хувьд дүрвэгсдийг олноор шингээх, тэжээх эдийн засгийн боломжгүй гэдгийг захын хүн ч мэднэ. Турк Европын холбоотой зөвшилцөлд хүрч чадвал энэ зунаас өөрийнх нь иргэдэд Шенгений визийн хөнгөлөлттэй нөхцөл санал болгож байгаа юм. Мөн Европын холбооноос эдийн засгийн дэмжлэг болгож 3 тэрбум ам.доллар авахаар зэхсэн ч гэдэг. Харин үүний төлөө Сирийн дүрвэгсдийг нутагтаа шингээх шаардлага гарах бололтой.