Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Олон улсын инээдмийн баярын өдөр. Хацрынхаа булчинг чилтэл, нулимсаа гартал, элгээ хөштөл инээхгүй ч нэгэндээ инээд баясал, баяр хөөр бэлэглэх учиртай өдөр.
Бидэнд инээд бэлэглэж, аз жаргал түгээдэг хүмүүс бол хошин урлагийнхан. Тиймээс энэ өдрийг тэдний баярын өдөр ч гэж хэлж болно. Бусдыг инээлгэж, баярлуулж явдаг хошин урлагийнхан өөрсдөө ч мөн хөглөж явдаг сурагтай. Тэдний хөгжилтэй түүхээс хуваалцаж байна.
У.Цогтбаяр: Инээсэн найз маань ухамсрын шанаа авсан
/“Эмоци” продакшны залуу жүжигчин/
-Оюутан байхдаа эмгэнэлт жүжигт тоглож байсан юм. Багшийн нүд хариулж байгаад хамт тоглож байсан найзаа инээлгэчихлээ. Тэгсэн багш аймар уурлаж, надруу харахад нь би юу ч болоогүй юм шиг царайлж, харин инээсэн найз маань ухамсрын шанаа авсан. Хамгийн гоё нь тэр дараа нь хамрандаа 00 цаас чихчихсэн надруу харж инээчихээд жүжгээ үргэлжлүүлж билээ. Хөгжилтэй дурсамжийн минь нэг.
Л.Сөрөлт: Унаж явсан даагатайгаа шаварт уначихдаг байгаа
/“Шинэ үе” продакшны жүжигчин/
-Саяхан манай хамтлаг Булган аймагт тоглолтоор очоод тоглолтын төгсгөлд тайзан дээр бүгдээрээ зогсоод дуулцгаалаа. Дуулж дуусаад бүгдээрээ гар гараа цохиод аялан тоглолтоо амжилттай дуусгасанд баярлацгаав. Тэгсэн Бооёо ахтай цохих гээд гараа сунгатал Бооёо ах цаашаа хараад өөр хүнтэй гараа цохиод ёстой тэнэг байдалд орсон. Би эвгүй байдалд орохоороо аймар улайчихдаг байхгүй юу. Багадаа ээжийгээ дагаад хөдөө явсан юм. Ээж бид хоёр айлд очихоор морьтой давхиж явлаа. Бидний очих айл миний насны охидтой байсан юм. Эр хүн болохоор тэдний охидод таалагдчих гээд тод ягаан дээлтэй их л цэмбэгэр амьтан явсан, байхгүй. Унаж явсан даагатайгаа шаварт уначихдаг байгаа. Нөгөө айлдаа орох гэсэн чинь эрийн хугархай гэсэндээ охидоос нь ичиж, санаа зовсон ч ээжийнхээ гараас хөтлөөд орсон доо. Ямар орохгүй гэлтэй нь биш. Хаа нэг бодоход хөгжилтэй санагддаг юм.
С.Цогтбаяр: Хэрэг хийсэн биш хийгээ л гаргасан юм чинь
Шог зураач С.Цогтбаяр өөрийн цахим хуудаснаа дараахь “элэг татаам” хөгжилтэй түүхийг нүүр номын найзуудтайгаа хуваалцжээ.
“Дотны ганц найз надад бий. Одоо хариуцлагатай алба хашдаг нас тогтсон эр болж. Арван жилийн хүүхдүүд хойно шилжилтийн нас нь ирээд жамаараа охин энэ тэр сонирхоно биз. Мань эр нэг удаа “найзаа би нэг охин гуйх гэсэн юм. Хамт жаахан сууя. Чи инээлгэж минээлгээд найздаа жаахан хань болооч” гэв.Өөрөө жаахан ичимхий гар л даа. “Хөгшин нь чамайг хайр найргүй дайлна” гээд улаан ус, хагас кг хар чавга гаргаж ирэв.
Тэр үеийн хар чавга ч аатай шүү дээ.Амттанаас буцдаг хүүхэд хаа байх вэ хуваагаад л хусчихлаа.Орой ч болж, нөгөө охин нь ирлээ. Ядаж байхад аманцар, нүүрэмгий шаар таарчихаж. Өнөөхийг нь давж ярих гэж үгээ хэлдэг юм даа. Нэг газар сууна гэдэг нь (одоогийнх шиг бар сав байх биш) байрны хажуугийн цэцэрлэгт суужбайгаан, чааваас.Хэдэн ундаа, печень тавьчихсан. Зуны шөнө сэрүүхэн гэж. Нимгэн цамцтай гарсанбидэн хоёрын жихүүдэс хүрч, гэдсэнд орсон хар чавга ч хэргээ хийж эхэллээ дээ.
Хуржигнаад хүржигнээд л. Тэр болгонд нь босон суугаад л дууг нь дарах гэж улам чанга яриад л. Ярианы эрч ихсч, хурдсаад нөгөө охин татаж унаж байна. Найз инээхгүй тэсч сууснаа нэг онигоон дээр түс хийтэл инээвээ.Зэрэгцээд л бөгснийх нь чангалж суусан хуниас суларсан юм уу, гэдсэн дэх хий нь чөлөөтэй гадагшлав. Дуу бол янзын зүгээр л баритон. Тургиж өгч байна. Нөхөр тэр дороо ичиж буцаагаад хавчсан ч физикийн хуулийг биеийн анатоми барсангүй.Унгасных нь дуу бүдүүнээс нарийн руу шилжин бүүр ч дордлоо. Сүүлдээ ашгүй хий нь дууссан бололтой нэг сул үлээгээд л зогссон доо.Нөгөө охин бид хоёр татаад унасан.Минийх мэдээж бас саксофоны дээд доод дуугаралттай. Инээдийн аясаар жазз маягаар. Тэгсэн мань охин “өө за за лимбэдчих юм байна дөө” гэх маягийн юм хэлснийг л санаж байна. Тэгээд тэр хоёр ч бүтээгүй.
Дараа тэр охин манай найзтай таарахаараа гараараа лимбэдэх хэлбэр харуулж шоолдог гэсэн.Хорлонтой хоржоонтой охин. Хөөрхий хоосон ходоодтой хоёр банди лимбэдээд өнгөрсөн нь яамай даа. Одоогийнх шиг идэх юм элбэгтэй байсан бол жүүстэй авч балрахгүй юу. Найз над руу уурлахаар нь би хэн чамайг тэнэг юм шиг тийм их хар чавга ав гэсэн юм. Ядахдаа самар авах чинь яасан юм. Лимбэдээд үлдсэнээ золд тооц. Баачаагүй нь их юм гэж нам болгосон доо. Заа үхсэн яадаг юм. Хэрэг хийсэн биш хийгээ л гаргасан юм чинь тээ.”