Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Баярсүх: Нутагшсан сортуудыг тариалаач гэж тариаланчдад зөвлөе

Л.БАТБААТАР

Буурцагт үр тарианы төрөл болох шош, вандуй зэрэг ургамлыг дэлхийн олон орны хүн ам эрт дээр үеэс эхлэн тариалж, хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх замаар ургамлын гаралтай уураг, амин хүчлийн хэрэгцээгээ хангасаар ирсэн түүхтэй. Дэлхий дахинд хоол хүнсний бодит хомсдол нүүрлэсэн үед НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаас хүнсний ногоо, тосны ургамлын ангилалд хамаардаггүй хуурай үрийг нь хүнсэнд хэрэглэдэг буурцагт үр тарианы ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, хэрэглээг дэмжихийг уриалан 2016 оныг  “Олон улсын буурцагтны жил” хэмээн зарласан юм. Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар болон буурцагт ургамлын үр үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн төлөөлөл  оролцсан “Олон улсын буурцагтны жил”-ийг  Монгол Улсад зохион байгуулах хорооныхон өчигдөр нээлтээ хийсэн юм.  

Энэ үеэр тус хорооны гишүүн, Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүхтэй буурцагт ургамал болон улаан буудайн талаар ярилцлаа.

-Монгол Улсад “Олон улсын буурцагтны жил-2016”-г зохион байгуулах хороог өнгөрсөн сард байгуулсан гэсэн. Хороо байгуулах болсон гол зорилго юу вэ?
-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2016 оныг буурцагт ургамлын жил болгон зарласан. Энэ дагуу Монгол Улс дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газраас санаачилгаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал газар тариалангийн хүрээлэн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл  сайн дураараа нэгдэн буурцагт ургамлыг сурталчлах, тариалалтыг өргөжүүлэх, тариаланчдыг холбох, бизнесийн орон зайг өргөжүүлэх зорилготой Монголын хороог зохион байгуулсан. Өнөөдөр нээлтээ хийлээ. Бүтэн жилийн туршид буурцагт ургамлын тариалалтыг дэмжих чиглэлээр олон үйл ажиллагаа төлөвлөсөн байгаа.

-Монголчууд энэ ургамлын талаар төдийлөн сайн мэддэггүй. Буурцагт ургамлын ач холбогдлын талаар ярихгүй юу?
Буурцагт ургамал нь хэд хэдэн онцлог шинж чанартай.
Буурцагт ургамлын нэг төрөл болох вандуй, шар буурцагийг Монголчууд мэднэ. Дэлхий дээр буурцагт ургамлын 1800 орчим зүйл байдаг. Ургамлаас гардаг маш чухал амин хүчлүүд буурцагт ургамалд бий. Ийм учраас буурцагт ургамал нь уургаар баялаг хүнсний нөөц юм. Мөн бүх төрлийн мал амьтны тэжээл болж уураг нөхөж өгдөг гол түүхий эд болдог. Ялангуяа эрчимжсэн мах, сүүний чиглэлийн болон тахиа, гахайн аж ахуйнуудын тэжээлийн 20-30 хувьд нь буурцагт ургамал заавал ордог. Уураг нөхөх зорилгоор.
Буурцагт ургамлыг  хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэх нь чухал ач холбогдолтой.  Зарим хөгжиж буй орны хүн ам уургийнхээ хэрэгцээг буурцагт ургамлаас авдаг.Тухайлбал, Дундад болон Зүүн өмнөд азийн ард түмэн буурцагт ургамлыг хоол хүнсэндээ өргөн хэрэглэж уургийнхаа хэрэгцээг нөхдөг юм. Буурцагт ургамлын хамгийн том үйлдвэрлэгч нь Энэтхэг улс. Буурцагт ургамлын нэг онцлог чанар  нь агаарт хийн байдалтай байгаа азотыг өөртөө шингээж хөрсийг азотоор баяжуулдаг. Ийм үйл ажиллагааг зөвхөн буурцагт ургамал явуулж чадна.

-Монголчуудын  буур­цагт ургамлын хэрэглээний түвшин ямар байна вэ. Малын болон туслах аж ахуйн тэжээлийн чиглэлээр буурцагт ургамал тариалбал эдийн засгийн үр ашигтай болов уу?
-Монголчууд  буурцагт ургамлыг хүнсэндээ  маш бага хэрэглэж байна. Харин буурцагт ургамлыг малын тэжээлд ашиглах асар их нөөц бололцоо бий. Жишээ нь, тахианы өндөг үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “НВЦ” компани 400 мянган өндөглөгч тахиатай. Эдгээр тахиа нь хоногт 50-60 тонн тэжээл иддэг. Нэг тонн тэжээлийг гадаадаас  сая төгрөгөөр худалдаж авдаг байна. Ойролцоогоор, жилд 10 гаруй сая ам.долларыг тэжээлд зарцуулна. Тэгвэл, нийт тэжээлийн 20 хувьд буурцагт ургамал зайлшгүй байх шаардлагатай гэж үзвэл 2-3 сая ам.доллар болно. Тахианы өндөгний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуйн нэгж бий. Ингээд тооцож үзвэл, зөвхөн тахианы аж ахуйн тэжээлд  жилд 30 орчим сая ам.долларын буурцагт ургамал хэрэгцээтэй болох нь. Монголд буурцагт ургамал тариалдаггүйгээс,  ийм хэмжээний валют жил бүр гадагшаа урсдаг. Гэтэл Монгол Улсад буурцагт ургамал тариалах өргөн бололцоотой. Манай судлаачид вандуй, шар буурцаг, сэвэг зарамыг судлаад сортыг нь гаргачихсан. Ганцхан үрээ үржүүлж чадахгүй байна. Учир нь, үрийг хэн авах нь тодорхой биш. Монголд буурцагт ургамлын том зах зээл байна аа. Тариаланчид энэ зах зээл рүү орох хэрэгтэй.

-Буурцагт ургамал та­риалс­наар хөрсний тэ­жээллэг чанар дээшлэдэг гэж сонссон?
-Тийм. 1959 оноос газар тариалан эрхэлсээр 60 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд зөвхөн хөрсөнд агуулагдсан шимт тэжээл болох ялзмагийг ашиглаж ургацаа авч байсан юм. Эргээд хөрсөнд шим тэжээл өгөх үйл ажиллагаа хийдэггүй. Жишээ нь, 1960-2000 оны хооронд 20.8 сая тонн үр тариа хураасан байдаг. Бидний тооцоолсноор, энэ их үр тариаг хураан авахын тулд хөрснөөс 2.5 сая тонн эрдэс баялаг бүхий шим тэжээлийн бодис ашигласан байдаг. Ингэхлээр, газар тариалангийн бүс нутгийн хөрсний тэжээллэг чанар улам муудсаар л байна. Хөрс элэгдлээ, хөрсний чанар муудлаа гэх яриа үүнтэй холбоотой. Буурцагт ургамал тариалснаар хөрсний тэжээллэг чанар нэмэгддэг. Цулгуй уриншийн оронд буурцагт ургамал тариалъя. Ингэснээр, хөрс азотоор баяждаг. Мөн тарьсан буурцагт ургамлаар малын тэжээл ч бэлдэнэ.
Улаан буудай тариалсан тариаланчдад тонн тутамд нь 70-100 мянган төгрөгийн урам­шуулал олгодог. Тэг­вэл буурцагт ургамлыг тариа­лангийнхаа сэлгээнд оруулж тариалж байгаа хүмүүст яагаад урамшуулал олгож болохгүй гэж. Монголд уринш-үр тариа гэсэн системийг өргөн хүрээтэй хэрэглэдэг. Уринш хийсэн талбайг нэг  жил  хоосон байлгаснаас буурцагт ургамал тарих хэрэгтэй. Тэгвэл буурцагт ургамал нь уринш хийсэн талбайг азотоор баяжуулах, малын тэжээл болох зэрэг эдийн засгийн үр ашиг өгнө.

-Сүүлийн үед газар тариалангийн салбар хүнд байгаа. Энэ талаар асууя. Ер нь,  Монголын газар тариалан эрхлэгч  аж ахуйн нэгжүүд хэчнээн сортын үрийн буудайг тариалдаг юм?
-Монгол Улсын Газар тариалангийн тухай хуульд Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Улсын сорт сорилын комиссоос  зөвшөөрөгдсөн “Нутагшсан сортоор батлагдсан сортуудыг тариална” гэж  заасан. Өнөөдрийн байдлаар, гарын таван хуруунд багтах тоотой сортыг тариалж байна.

-Тухайлбал?
-“Дархан 34”, “Дархан 74”, “Дархан 131”, “Дархан 144”, “Халх гол 1” гэх мэт.  Мөн ОХУ-ын “Алтайский 100”, “Алтайский 501” гэсэн сортыг нутагшсан сортоор баталсан. Хоёр жилийн өмнө бидний хийсэн судалгаагаар, зөвхөн Булган аймагт гэхэд 28 сортын үр  тариалж байсан. Ихэнх нь,  Монгол оронд нутагшаагүй, туршаагүй гадаадын сорт юм.

-Батлагдаж нутагшаагүй сорт тариалснаар ямар эрсдэлд орох вэ?
-Ургац алдах гол шалтгааны нэг нь нутагшаагүй сортын тариа тарих явдал юм. Учир нь, Монгол орны уур амьсгал, хөрсний бүтцэд судалгаа хийн, “Дархан” сортуудыг бий болгосон. Эдгээр сорт нь энэ бүс нутаг, цаг уур, ган гачигт зохицож урган харьцангуй тогтвортой ургац өгдөг. Эх орны сорт нь хуртай жил өндөр ургац өгнө. Өнгөрсөн жилийнх шиг гантай үед  дундаж хэмжээний ургац өгч тогтвортой байдлаа хадгалдаг. Гэтэл, гадаадын сортууд манай орны эрс ширүүн уур амьсгалд дасан зохицоогүй, хуртай жил  өндөр ургац өгөхөөр  манай тариаланчид баярлаад  дараа жил дахин тарьдаг. Тэр жил нь  ган болбол  ямар ч ургац өгдөггүй. Иймээс нутагшсан сортуудыг тариалаач гэж тариа­ланч­дад зөвлөмөөр байна.

-Энэ жилийн хаврын тариалалтад 20 мянган тонн үрийн буудай дутсан гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн. Энэ дутсан үрийн буудайг ОХУ-аас оруулж ирэх нь. Ямар сортын үрийн буудай оруулж ирэх гэж байна. Манай хөрсөнд  ургах болов уу?
-20 мянган тонн үрийн буудай дутаж байгаа нь үнэн. Манай хүрээлэнгээс Хүнс, хөдөө аж ахуйн яам  “Ямар сортын үрийн буудай авах” талаар судалгаа авч байгаа. Уг нь, Газар тариалангийн тухай хуульд зааснаар нутагшсан сорт тариалах ёстой. “Монголд нутагшсан ОХУ-ын Бурятский сортын үрийн буудайг оруулж ирвэл сайн” гэсэн зөвлөгөөг бид өгсөн.

-Хаврын тариалалтад үрийн буудай дутлаа гэж хуучин нийгмийн үед сонсч байгаагүй  санагдах юм. Ямар шалтгааны улмаас жилийн жилд үрийн буудай дутах болов оо. Энэ талаар таны бодол?
-Тэр үнэн. Нийт тариалж байгаа талбайнхаа 20 хувьд нь заавал үрийн буудай тарих ёстой. Нийт ургацын 10 хувийг тэр үеийн нэршлээр Аюулгүйн фонд буюу улсын нөөцөд хадгалдаг байсан юм. Ган гачиг болсон үед аюулгүйн фондоос үр  гарган тариалалт хийдэг системтэй байв. 1990 оноос энэ систем байхгүй болсон. Энэ тогтолцоог одоо сэргээх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар, газар тариалангийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний байгууллагууд үрийн сортуудаа гаргаж байна. Эдгээр сортыг үр үржүүлдэг аж ахуйн нэгж стандартын шаардлагын дагуу үржүүлж улсын нөөцөд тушаах тогтолцоо байхгүйгээс 20 мянган тонн үрийн буудайг гадаадаас авах тухай ярьж байгаа юм. Хэрэв ийм тогтолцоо байвал  гадаадаас үрийн буудай авах асуудал гарахгүй. Энэ тогтолцоог сэргээх бодлогын баримт бичгийг манай хүрээлэн, “Монгол төмс” хөтөлбөр хамтран боловсруулж Хүнс, хөдөө аж ахуйн яаманд өргөн барьсан. Бодлогын баримт бичигт “Хаана ямар үрийн төвүүд байх, ямар шаардлага хангасан аж ахуйн нэгж ажиллах, нэг аж ахуйн нэгж жилд хэчнээн тонн үрийн буудай үйлдвэрлэх, нийт хэдэн төгрөгийн зардал гарах” зэрэг тооцоог хийж тусгасан байгаа. Яам энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх байх. “Атрын 3” дугаар аяныг зохион байгуулахдаа ганцхан үрийн буудайн асуудлыг орхигдуулсан байдаг. Тэр үед газар тариалангийн салбарын техник тоног төхөөрөмжийг шинэчлэн, ургамал хамгааллын бодисоор хангаж, урамшуулал өгсний дүнд тариалангийн салбар сэргэсэн нь үнэн. Үрийн буудайн фонд байгуулбал газар тариалангийн салбар сэргэх нь тодорхой.

-Сүүлийн үед танай хүрээлэнгээс улаан буудайн ямар шинэ сортыг туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлж байна вэ?
-Үрийн буудайн шинэ сорт гаргах судалгааны ажлууд хийгдэж байгаа. Өнгөрсөн жил “Дархан 186” гэсэн сортыг сорилтод өгсөн. Энэ шинэ сортыг “Дархан 134”-тэй харьцуулахад ургацын потенциал илүү. Мөн цавуулгийн хувьд өндөр үзүүлэлттэй сорт юм.

-Газар тариалан эрхэлж өндөр ургац авахын тулд бордоо хэрэглэх нь  зайлшгүй. Ямар төрлийн бордоо үйлдвэрлэж байна вэ?
-Монгол Улсад бордооны хэрэгцээ үнэхээр их байна. Сүүлийн үед “Биологийн гаралтай бордоог түлхүү ашиглая. Өртөг өндөртэй эрдэс бордооноос татгалзъя” гэсэн хандлага давамгайлах боллоо. Биологийн бордоо үйлдвэрлэх чиглэлд олон эрдэм шинжилгээний байгууллага ажиллаж байна. Жишээ нь, манай хүрээлэнгээс Монгол орны тариалангийн талбайд амьдардаг, ашигтай бичил биетнийг илрүүлж үржүүлэн “Риза бактер”-ын бордоо үйлдвэрлэж байна. Төсөв хөрөнгө муутайн улмаас жилд 10 тонныг л үйлдвэрлэдэг юм. Сэлэнгэ, Булган аймгийн газар тариалан эрхлэгч нэгжүүд манай хүрээлэнгийн үйлдвэрлэсэн бордоог дор нь худалдаад авчихдаг.

-Эдийн засгийн хямрал­тай үед судалгаа шинжилгээний ажил явуулах төсөв хөрөнгө хүрэлцдэг үү. Төсөв хөрөнгө, санхүүгийн өргөн дэмжлэгтэй байж л эрдэм шинжилгээ судалгааны ажил үр дүнд хүрэх нь ойлгомжтой?
-Төсөв хөрөнгөний хувьд хэцүү. Ямартай ч эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин, нийгмийн даатгал олгогдож байна. Судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явуулах зардал нь маш бага.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан