Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эх нялхас”-аас эхэлсэн шинэчлэл...

Э.ГАНЦЭЦЭГ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) өдгөө 90 насны ойтойгоо золгож буй. “Энэ хугацаанд техник технологийн шинэчлэл хийгдсэн нь үгүй, түүхэндээ анх удаа орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдаж байгаа нь энэ”  хэмээн тус төвийн дарга Ш.Энхтөр хэлэв.

Хуучин болон шинэ тоног төхөөрөмжийн харь­цуулалтаас үүнийг бэлхэн харж болох аж. 10 гаруй жилийн насжилттай эх ургийн хяналтын монитор шинэчлэгдэж, эхийн даралт, ургийн зүрхний цохилт, хүчилтөрөгчийн хэмжээ, ураг хэвийн байгаа эсэх гээд эх, ургийн амин үзүүлэлтийг давхар хянах боломжтой болсон төдийгүй овор хэмжээний хувьд авсаархан, зөөвөрлөхөд асуудалгүй болж. Түүнчлэн ургийн зүрхний бичлэгийг чанарын өндөр түвшинд хэвлэх гэнэ.

Мөн нярайн эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат нэн шаардлагатай байж. Учир нь тус тасагт 14 жил тасралтгүй ашигласан аппаратны ашиглалтын хугацаа дуусч, актлагджээ. Тус тасагт хүлээлгэн өгсөн Германы “Drager” брэндийн шинэ амьсгалын аппарат нь техник үзүүлэлтийн хувьд боловсронгуй болсон төдийгүй агаарыг халаах зориулалтын халаагч утсан теньтэй. Мөн зөөвөрлөхөд хялбар, өөр дээрээ агаарын компрессортой болжээ.

Энэ мэт ЭХЭМҮТ-д 105 нэр төрлийн 297 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Австрийн “Vadem” компани оруулж ирэн угсралт, суурилуулалтын бүхий л ажлыг хийж гүйцэтгэжээ.

Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ЭХЭМҮТ, ХСҮТ, Нэгдүгээр төв эмнэлгийн хуучирч муудан, ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд нийт 21 сая, тус бүр долоон сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. ЭХЭМҮТ-д хийгдэж буй дээрх шинэчлэл эхлэл төдий. Үүнийг тус төвд болсон шинэ тоног төхөөрөмж хүлээлгэж өгөх ёслолын ажиллагааны үеэр УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Мөн тэрээр “Хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий олон нэр төрлийн тоног төхөөрөмж суурилуулан, эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлж байгаа нь сайшаалтай. Түүнчлэн эдгээр тоног төхөөрөмж дээр ажиллах эмч мэргэжилтэн, инженер техникийн ажилчид гадаад дотоодод сурч,  дадлагажсан нь ч ололттой хэрэг.  Цаашдаа эмч нарын сурч боловсрох, мэргэших, амьдрал ахуйг дээшлүүлэхэд төр засгийн зүгээс анхаарч ажиллана” хэмээн олон улсын эмч нарын баярын мэнд дэвшүүлээд амжив.

 Мөн тус эмнэлэгт 128 төрлийн зүсэлт хийдэг  компьютер томографийн аппарат шинээр суурилуулжээ. Аппаратыг суурилуулахын тулд дүрс оношилгооны шинэ өрөө гаргаж, стандартын дагуу засч тохижуулжээ. Тус өрөөгөөр УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй албаныхан  зочилж, шинэ төхөөрөмжийн “ид шид”-ийг сонирхов. Дүрс оношилгооны өрөөг эзэгнэсэн дээрх аппарат “Philips” брэндийн 2015 оны шинэ загвар аж. Туяаны хяналтан дор хийгддэг бүхий л төрлийн хагалгаа хийдэг дээрх аппарат шаардлагатай үед хэвтрийн хүнд өвчтөний оношийг ч тодруулах боломжтой. Үүгээрээ ижил төрлийн хагалгааны тоног төхөөрөмжөөс ялгаатай. Түүнчлэн шинжилгээ хийж байх үедээ давхар хагалгаа хийж болдог аж. Тус өрөөний буланд хяналтын удирдлагын хэсэг байх бөгөөд хагалгаа, шинжилгээнийн явцыг том цонхоор харан хянах боломжтой. Дүрс оношилгооны тасагт хоёр эмч, хоёр техникч ажилладаг. Биднийг очих үед дүрс оношилгооны эмч Э.Уугансанаа ээлжтэй байж таарав. Тэрээр “Монголд 128 төрлийн зүсэгчтэй хоёр аппарат байдгийн нэг нь энэ. Гэхдээ хагалгаа хийх боломжтой анхны компьютер томографийн аппарат гэвэл манайх. Маш нарийн зүсэлтүүдийг богино хугацаанд хийнэ. Аппарат суурилагдаж эхэлсэн цагаас бэлтгэгдэж эхэлсэн. Одоо ч Австри улсаас ирсэн техникийн зөвлөхөөс суралцаж байна. Аппарат суурилуулсан инженерүүд онлайнаар хянаж байдаг болохоор системийн доголдол гарсан тохиолдолд тэндээсээ засчихдаг. Харин том хэмжээний эвдрэл, гэмтэл, сэлбэг хэрэгсэл солих шаардлагатай нөхцөлд ирж засч өгдөг” гэв. Тэрээр энэ төхөөрөмж дээр ажиллахаар бэлтгэгдсэн хоёр эмчийн нэг. Тиймээс дараа дараагийнхаа боловсон хүчинг бэлтгэх учиртай. Учир нь дээрх 105 нэр төрлийн 297 ширхэг тоног төхөөрөмж дээр ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн, инженерүүд Австри улсад урт болон богино хугацааны сургалтад хамрагдсан юм. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн дэд захирал Ц.Алтантуяа “Эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаагүй томоохон өөрчлөлт шинэчлэлийн ажил манайд хийгдлээ. Энэ нь тоног төхөөрөмжөө сайжруулаад зогсохгүй давхар эмч, мэргэжилтнүүдээ мэргэшүүлж байгаа явдал” хэмээн хэлсэн.

ЭХЭМҮТ-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил гурван үе шаттай хэрэгжиж, өчигдрөөс 100 хувь ашиглалтад орж байгаа нь энэ. Техник технологийн шинэчлэлтэй уялдуулан Австри Улсад 15 эмч, мэргэжилтэн суралцахаас одоо найман эмч, мэргэжилтэн хилийн чанадад суралцаж байгаа аж.

Ийнхүү ЭХЭМҮТөв зөөв­рийн дижитал, шүд­ний рентген, эх барих эмэгтэйчүүдийн дижитал, хүүхдийн хэт авиан оношилгоо, эмчилгээний, тархины цахилгаан бичлэгийн аппарат, цус, биохими, иммунологи, шээсний анализатор гээд орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдож орчин үеийн анагаах ухааны шаардлага хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх, хүүхдэд үзүүлэх боломжтой боллоо. Дээрх нэр төрлийн аппарат тоног төхөөрөмжийг дүрс оношилгоо, сэхээн амьдруулах, яаралтай тус­ламж, эрчимт эмчилгээ, мэс засал, төрөх, эх барих эмэгтэй­чүүд, хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээнд ашиглах юм.

Зүрхний катетер-ангиографын лаборатортой болсноор эмчлүүлэгсэд 150 хүртэлх сая төгрөг хэмнэх боломжтой. Учир нь манайд энэ төрлийн лаборатор үгүйн улмаас иргэд гадны оронд, үнэтэй мэс ажилбарт орохоос өөр сонголтгүй байсан юм. Өнөөдрийн байдлаар тус лаборатороор 100 орчим өвчтөн үйлчлүүлж, 10 гаруй тэрбум төгрөг хэмнэж, энэ хэмжээний мөнгө дотооддоо үлдсэн гэдгийг ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр дуулгасан юм.

 Эх, үрсийн эрүүл энхийн манаанд 90 жил зогсож буй ЭХЭМҮТөв улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эх, хүүхдийн төрөлжсөн цор ганц эмнэлэг.  Түүнчлэн бүх шатлалын эмнэлгээс хүнд, онош нь тодорхойгүй өвчтөнүүдийг хүлээн авч үйлчилдэг эрүүл мэндийн салбарын хамгийн ачаалалтай хийгээд хариуцлага өндөртэй газар. Тиймээс эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажлыг эндээс эхлүүлсэн нь нүдээ олсон гэлтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан