Б.ШИРНЭН
УИХ-ын гишүүн Сү.Батболд, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, “Эм-Си-Эс” группийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт гэсэн МАН-ын гишүүдийн нэрс Ялалтын талбайгаас цуурайтав. УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга тэднийг таягдан хаях хэрэгтэй гэж “Бүх ард түмний үндэсний эв нэгдэл” цуглаанд оролцохдоо нэрлэсэн юм. Мөн өөрийн намаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарыг нэрлэлээ. МҮАН-ын дарга М.Энхсайханы нэрийг ч хоёронтоо дурдав. Тэрээр “Эх орондоо элэггүй ийм хүмүүсийг ирэх сонгуулиар төрийн түшээ болгох ёсгүй. Өнөөдөр эх орноо авч үлдэх ариун сонгуульд орохгүй бол бидний өр шир, өвчин зовлонгоор далимдуулан энэ орныг 20-иодхон гэр бүл захирч байна” гэж хэлэхэд Ялалтын талбайд цугласан иргэд уухай хашгирав.
“Жудагт Монгол” гэх хөдөлгөөнийг одоогийн УИХ-ын дэд дарга Л.Цог, АИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Ж.Гомбожав, АИХ-ын орлогч дарга Л.Дашням, Геологи, уул уурхайн ухааны доктор Ч.Хурц, доктор Л.Одончимэд, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, Үндсэн хууль тогтоогч Ч.Бат-Эрдэнэ, академич С.Нарангэрэл нар өнгөрсөн хоёрдугаар сард байгуулж байсан билээ.
Тэгвэл өчигдөр Улаанбаатар хотод Ялалтын талбайд болон Монгол Улсын 21 аймагт “Жудагт Монгол” хөдөлгөөнийнхөн нэгэн цагт цуглаан зохион байгууллаа. Тэд тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө дуугарах цаг нь болсон гэж үзсэн тул “Сонгуулийн хувьсгал” хийх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа юм. Тэдний цуглаанд МоАХ нэгдсэн бөгөөд “Ноён уулаа аваръя”, “Монголын ногоон нам”, “Монголын ахмадын холбоо”, “Хил хамгаалах байгууллагын ахмадын холбоо”, “Гал үндэстэн холбоо”, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Ахмад тээвэрчдийн холбоо”, Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг 44 нам, хөдөлгөөн, ТББ нэгдлээ.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, УИХ-ын дэд дарга зэрэг албан тушаал хашиж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан Ж.Гомбожав гуай “Нам хөдөлгөөнүүд олноор бий болсноор улс оронд үүссэн асуудлыг шийдэж чадахгүй. Харин тэд нэгдэж, эв санаагаа нэгтгэж байж бэрхшээлийг даван туулдаг” хэмээн өчигдрийн цуглааныг “зангидав”. Мөн тэрээр “25 жилийн өмнө нэг намын дарангуйллыг таслан зогсоохын тулд Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байсан. Өнөөдөр 25 жилийн дараа нэг нам биш хэд, хэдэн нам бидний эрхийг булаан авч, сонгох эрхгүй зөвхөн сонгуульд оролцох үүрэгтэй болсон цаг үе болжээ” хэмээн хэлсэн юм. Түүний араас Хөдөлмөрийн баатар Чимиддорж, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Эрдэнэчимэг, Төрийн соёрхолт Нацагням, Уул уурхайн сайд асан Хурц зэрэг 30 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Харин тэдгээр дундаас УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нарын үгс олны анхаарлыг татаж, Монголын улс төр, нийгэмд байгаа гэгдэх “Нүүрсчин нам”-ын зураглал тодорч эхлэв.
“Нүүрсчин нам” гэх нэр томъёо
Тавантолгойн ордыг төмөр замын хамт эзэмших, ингэхдээ Монголд Улсад ашиггүй гэрээ хийж авахаар улайрч буй улс төр болоод бизнесийн бүлэглэлийг “Нүүрсчин нам” гэж нэрлээд буй. Тэгвэл Тавантолгой гэх том нүүрсний орд газарт АН-ын ч, МАН-ын ч зарим гишүүдийн ашиг сонирхол бий. Түүн дээр нь мега төслүүдийг гардан хариуцаж буй Монгол Улсын сайд М.Энхсайханы МҮАН нэмэгдэнэ. Улс төрийн хүрээнд өнгөн хэсэгтээ ийм зураглал гарч байна.
Тэгвэл бизнесийн салбарт “Энержи Ресурс” буюу “Монголиан майнинг корпорац”, Хятадын “Чайна Шенху Энержи” гэсэн нэгдэл бий. Улс төр болоод бизнесийн энэ нэгдлийг нийтэд нь “Нүүрсчин нам” гэж нэрлээд байна.
Эрх ашгууд хэрхэн нэгдэв
“Жудагт Монгол” хөдөлгөөний цуглаан дээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг үг хэлсэн. Түүний хэлснээс иш тавал, “Төслийн компанийн ард хэн байгаа вэ? Цагаан дээр хараар бичсэнээр бол 51 хувь “Энержи ресурс”, 49 хувь “Шенхуа”. Харин “Энержи Ресурс”-ын хөрөнгө оруулагч нь Кэйманы аралд бүртгэлтэй “Монголиан майнинг корпорац” гэв.
Тэгвэл “Монголиан майнинг корпорац”-ын 44 хувь нь “MCS”, 4.9 хувь нь “Шунхлай”, 3.6 хувь нь “Петровис”, бусад буюу 42.3 хувь нь гадаадын хөрөнгө оруулагчид байдаг. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэлснээс үзвэл, дээрх компаниудад харьяалагдах хэд, хэдэн гишүүний нэрс зурайж таарлаа. Тухайлбал, түүний нэрлэсэн УИХ-ын гишүүн Г.Батхүү “Шунхлай” группийн босс, Л.Эмх-Амгалан “MCS”-тэй, Л.Элдэв-Очир түүнийх нь дэд ерөнхийлөгч гээд эрх ашиг нийцэх олон сэжим бий.
Мөн МоАХ-ны Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Г.Байгалмаагийн хэлсэн үгсээс зарим нэг гишүүдийн нэрс Тавантолгойтой холбогдож байна. Түүнийхээр бол “Тавантолгойн 14 хувийг “Энежри Ресурс” компани буюу тэр үеийн МАХН, АН-ын нэр бүхий 14 хүн авсан байв. УИХ-ын гишүүн Г.Батхүү, анхны Ерөнхийлөгч П.Очирбат, С.Баярцогт, М.Энхсайхан, Сү.Батболд гэх мэтчилэн 14 хүн бий. Зарим нь өөрийн хувиа эргүүлж шилжүүлсэн гэж байгаа ч ямар арга, ямар зорилгоор Тавантолгойн лицензийг авснаа хэлэх ёстой” юм байна.
Дээрх бүгдээс үзвэл, “Нүүрсчин нам” гэж байдаг. Энэ бүлэгт эрх ашигт нийцэж л байгаа бол танай, манай ялгаагүй элсэж, ард түмний Тавантолгойг авах санаархал байгаа нь нийгэмд мэдрэгдээд эхэлж.
Л.Эрдэнэчимэг: Энэ бүлэглэл 10 гаруй настай
Бид ардчиллын замыг сонгоод 26 жилийн нүүрийг үзлээ. МоАХ-ны мянга мянган тэмцэгч 1990 оны цагаан морин жил нийгмийг өөрчлөх хувьсгалын төлөө босохдоо өнөөдрийн доголон ардчиллыг хүсээгүй. Монгол улс 26 жилд тэр тусмаа сүүлийн 10 гаруй жил үсрэнгүй хөгжих олон боломжоо алдлаа. Энэ хэний буруу вэ?
Үндсэн хуулиар олгогдсон газрын хэвлийн баялаг ард түмний өмч. Ард түмний өмчийг өөрийн болгох гэсэн улс төр, бизнесийн бүлэглэлийн буруу. Ардчилал өөрөө 26 настай залуу. Гэтэл энэ бүлэглэл арав гаруйхан настай мөртлөө Ардчилал ахыгаа бүрэн залгиж дууслаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой бол ноён хөзөр юм. Тавантолгой Түүз хөзөр юм” гэж хэлжээ. Тэгвэл ноён хөзрөөрөө сайн тоглож чадсангүй. Шатлаа. Одоо Монголын хөгжлийн Түүз болсон Тавантолгой руу өнгийж байнаа.
Тавантолгой бол 6.5 тэрбум тонн коксжих нүүрстэй том орд. Нүүрсний үнэ унаж 25 ам.доллар болсон өнөөдрийн үнэлгээгээр гэхэд л 126 тб ам.доллар буюу 300 их наяд төгрөг болж байгаа. Энэ нь ДНБ-ийг 20 дахин нугалсан их баялаг.
Г.Уянга: Тэд нэг л бүлэглэл
Өнөөдөр төрийн эрхийг барьж буй бүлэглэлийг дэс дараатай нэн даруй арчин хаях нь бидний эхний зорилго мөн. Тэд удах тусам. Өөрсдийнхөө амьдрах хугацааг уртасгахын тулд улс орноо худалдсаар байх болно. Тэд эхлээд өмнөх үеийнхний бүтээн босгосон бүхнийг өмч хувьчлал нэрээр хувааж идсэн. Дараа нь газар шороо, ашигт малтмал, байгалийн баялгийг хөрөнгө оруулагч нэрт луйварчидтай нийлж хувааж авцгаасан. Банкаар дамжуулан ард олноо ташраар нь өрөнд оруулж бас мөлжицгөөсөн. Гадаадад өр зээл тавьж түүнийгээ хувааж идсэн. Идэж идэж сэхээд харсан, идэх юм ил харагдахгүй болохоор одоо гоё сайхан нэрийн араар нуугдаж эх орныг маань цөмийн хаягдлын булш болгож бүрмөсөн сүйдлэхээр улайрч байх шиг.
Одоо эднийг үлдээж өөр юу хийлгэмээр байна гэж ард түмнээсээ асуумаар байна. Одоо хангалттай биш үү гэж сонгогч олон түмнээс асуумаар байна. Бид “МАНАН”, “Олигарх бүлэглэл”, “Нам дамнасан бүлэглэл”, “Нүүрсчдийн нам”, газрын наймаачид, “Авилгачдын аалзны тор”, “Гадаадынхны бөгс долоогч”, “Эх орноо худалдагч” гэж янз бүрээр хочлон цоллодог ч тэд эцсийн дүндээ ганцхан л бүлэглэл.
Монгол оронд улс төр, эдийн засгийн амьдрал бүхэлдээ нуран унаж сүйрч байхтай зэрэгцэн ард олны уур хилэн нэмэгдэж, урьд хожид байгаагүйгээр МАНАН-гийн нэр хүнд унаж байна. АН-ын нэр хүндийн уналт нь МАН-д өсөлт болж ирэхгүй байгааг харж байна уу? МАНАН-гийн сүйрэл, мөхлийн цаг иржээ. Муу зүйл мөхнө гэдэг сайн зүйлийн эхлэл байдаг. Сайн цаг ирж явна. Бүү эргэлз.
Г.Байгалмаа: Тавантолгойн хувьцааг яаж олж авсныг асууя
МоАХ-ны гишүүд дэмжигчид бид 2007 оны долдугаар сарын 24-26-нд Сүхбаатарын талбайд суулт хийж байлаа. Тэр үед буюу 2007 оны долдугаар сарын 9-нд нь Оюутолгойн гэрээ, 10-нд Тавантолгойн гэрээний төслийг тухайн үеийн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Хүмүүс баяр, наадамд анхаарал хандуулж, амралтаа аваад хөдөө гадаа явсан хойгуур дээрх гэрээнүүдийг оруулж ирсэн нь өнөөх “чоно борооноор” гэгч л болж байлаа.
Энэхүү гэрээнүүд учир дутагдалтай байсныг МоАХ анхааралдаа авч, энэ чигээр нь яавч явуулж болохгүй, эргэн харах шаардлагатай гэж байр сууриа илэрхийлж, суулт хийж тэмцсэн. Гэрээнийн төсөлд юу тусгасан бэ, гэвэл Тавантолгойг зүгээр л найр тавиад өгөх тухай байв. Тухайн үед Тавантолгойд 1.5-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай учир Монгол Улс дангаараа ашиглах боломжгүй ээ. Дотоодын нөөц боломж байхгүй ээ, гэж байлаа.
МоАХ үеийн үед ард түмнийхээ талд байсаар ирсэн. Тиймээс Тавантолгойн хувьцааг яаж олж авсныг энэ хүмүүсээс асууя. Ардчилсан Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу бид шаардах эрхтэй.
Х.Цагаанбаатар: Бид зөв сонголт хийх ёстой
Өнөөдөр Монгол Улсын хүн амын амьдралын түвшин ямар байгаа вэ, гэж өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Монгол Улсад өргүй, зээлгүй хүн нэг ч байхгүй байх. Би ч зээлтэй амьдарч байгаа. Ингээд бодохоор бид юуны талд, яах гэж, ямар хүмүүст улс орныхоо ирээдүйг даатгаж, өөрсдөө хэрхэн амьдарч байгаа вэ, олон зүйлийг бодож харамсаж байна.
Аливаа зүйл зорилго, чиглэл, төлөвлөөтэй байж урагшидаг. Тамирчид бидэнд хүртэл дөрвөн жилийн төлөвлөгөө байдаг. Энэ дагуу явж байж тамирчин хүн эх орныхоо далбааг олимпын тэнгэрт мандуулдаг. Гэтэл эрх баригчдад ямар нэг зорилго алга. Нэг хүнд ногдох газар доорх баялгийн тоогоор дэлхийд 3-т ордог мөртлөө, бид яагаад туйлдаад хямраад байгаа юм болоо. Бид зөв л сонголт хийх ёстой шүү.