Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элэгний вирусийн эсрэг таван нэр төрлийн эмийг 80 хүртэлх хувиар хямдруулж авах боломжтой

Манай улсад архаг вируст гепатитын халдвартай буюу элэгний өвчлөлөөр шаналж буй 400 мянга гаруй хүн бий. Тэгвэл дээрх иргэд элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон гэх таван нэр төрлийн эмийг ирэх сарын 1-нээс 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр эмийн сангуудаас худалдан авах боломжтой болжээ. Энэ нь дээрх таван нэр төрлийн эм хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад багтсан гэсэн үг юм.
Элэгний өвчтэй иргэдийн дийлэнх нь тэтгэврийн насныхан байдаг учир вирусийн эсрэг үйлчилгээтэй өндөр үнэтэй эм бэлдмэл худалдан авч, оношилгоо, эмчилгээнд хамрагдаж чаддаггүй. Тиймээс иргэд нэгдэж “Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл” хэмээх ТББ байгуулж, элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэлийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 хүртэлх хувиар хөнгөлөх, Эрүүл мэндийн даатгалын сангийн энэ оны төсөвт дээрх шаардлагатай уялдуулан 30 тэрбум төгрөгийг нэмж тусгах, “Эрүүл элэг” хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж орон даяар цогц байдлаар хэрэгжүүлэх шаардлагыг Сангийн яам , ХАХНХЯ, ЭМСЯ-нд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл энэ сарын 25-нд хуралдаж, дээрх шаардлагыг үндэслэн элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй дээрх таван нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөвчлөх эмийн жагсаалтад оруулсан байна. 


Д.Наранбаатар: Хэдийгээр 30 тэрбум төгрөг их сонсогдож байгаа  боловч олон жилийн үр ашгаа бодвол харьцангуй бага тоо

Энэ талаар “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, АУ-ны доктор Д.Наранбаатараас тодрууллаа.

-Элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон эмийг иргэд ирэх сарын 1-нээс хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой боллоо. Жишээлэхэд Тено­фовир эм 80 хувь хямдарч, иргэ­дийн халааснаас хэч­нээн төгрөг хэмнэж байна вэ? Мөн хаанаас авах боломжтой вэ?
-“Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл” ТББ-ын гишүүд архаг вируст гепатитын халдвартай 400 мянга гаруй өвчтэй иргэдээ төлөөлөн жил гаруйн хугацаанд ажилласны дүнд дээрх таван нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад бүртгүүллээ. Тенофовир бол элэгний D вирусын эсрэг  үйлчилгээтэй хамгийн сүүлийн үеийн эм. 300 мл-ийн савлагаатай, 30 ширхэгтэй энэ эм 220 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Зөвхөн нэг сарын хэрэглээ шүү дээ. Тэгвэл дээрх эмийг ирэх сарын нэгнээс 80 хувь хямдруулж 36000 төгрөгөөр худалдаж авах боломжтой. Энэ эм Хятадад 190, харин АНУ-д 1400 орчим ам.доллараар зарагддаг. Мөн элэгний вирустэй жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан Телбувидин эм жилийн өмнө 450 ам.доллараар зарагддаг байсан бол эм ханган нийлүүлэх “Новакс” компани хямдруулан 450 мянган төгрөгөөр худалдаалах болсон. ЭМД-тай иргэд энэ эмийг 90 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол ахин 60 хувь хямдруулж, 36 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой болж байна. Мөн л нэг сарын хэрэглээ. Тиймээс элэгний архаг вирустай иргэд эмээ тасалдуулалгүй, тогтмол хэрэглэх нөхцөл бүрдэж байгаа юм.

-Элэгний C вирусийн эсрэг үйлчилгээтэй Харвони эм энэ төрлийн вирусийн эсрэг хамгийн сайн эм гэгдэж эрэлттэй байгаа. Гэвч нэг сарын хэрэглээ нь 400 ам.долларын үнэтэй. Тиймээс энэ эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад оруулж, хямдралтай үнээр олгох  боломж бий юу?
-Харвони эмийг ч мөн 80 хүртэлх хувиар хямдруулж, хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад оруулж өгөөч гэдэг шаардлагыг холбогдох яамдад хүргүүлсэн. Харвони эмийг эхний ээлжинд 1600 хүнд олгосон. Тэдгээр иргэдэд нааштай эерэг үр дүн үзүүлж байгаа. Энэ эмийг гурван сар хэрэглэж гэмээнэ үр дүнгээ үзүүлнэ. Үүний дараа 2000 ширхэгийг оруулж ирнэ. Харвонигаас гадна өөр сайн эм, бэлдмэл оруулж ирэхээр ярьж байна. Мөн үнэ нь ч хямдарна. Хамгийн гол нь Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийг хөнгөлж, олон хүн хамруулах хэрэгтэй байгаа юм.
Элэгний архаг өвчлөлтэй 150 мянган иргэн өнөөдөр яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. “Эрүүл элэг” төслийн хүрээнд бид энэ жил 15 мянга, ирэх жил 30 мянга, 2018 онд 35 мянган иргэн гэсэн шат дараатай явсаар 2020 он гэхэд дээрх 150 мянган иргэнээ бүрэн эмчлэх боломжтой. Үүний тулд Эрүүл мэндийн даатгалын сангийн энэ оны төсөвт шаардлагатай 30 тэрбум төгрөг суулгаж өгөхийг шаардаж байгаа юм.

-Та сая Эрүүл мэндийн даатгалын сангийн энэ оны төсөвт 30 тэрбум төгрөг нэмж тусгах шаардлагатай гэлээ. Боломжтой гэж үзэж байна уу?
-Энэ сарын 19-нд  төрийн бус байгууллагууд хамтран “Элэг бүтэн Монгол” хэмээх хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэр үеэр Эрүүл мэндийн даатгалын сангийнхан ирж мэдээлэл өгсөн. Эрүүл мэндийн даатгалын санд сүүлийн таван жилийн үлдэгдэл болох 300 тэрбум төгрөг бий. Угтаа эрүүл мэндийн даатгал төлөгчдийн мөнгө шүү дээ. Энэ мөнгийг эргээд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зарцуулах ёстой. Өнөөдөр Монгол улсын нийт иргэдийн 99 хувь нь эрүүл мэндийн даатгал төлдөг. Тооцоо баланс харвал 30 тэрбум төгрөг зарцуулах боломж төрд бий. Элэгний вирусийг эртнээс эмчлэхгүй бол хатуурал, хавдар болно. Элэгний хатуурал эмчилгээгүй. Бүр аргаа бараад элэг шилжүүлэн суулгуулъя гэвэл энэ эмчилгээ манайд 85 сая төгрөгийн өртгөөр хийгдэнэ. Энэ нь элэг шилжүүлэн суулгаад болоо гэсэн үг биш. Элэгний B вирусийн халдвартай хүн элэг шилжүүлэн суулгуулсан бол хагалгааны дараа ойролцоогоор сард нэг сая 500 мянгаас хоёр сая төгрөгийн зардал гардаг. C вирустэй бол үүнээс арай бага 800 мянгаас нэг сая төгрөгийн зардалтай. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар жилд манай улсын 2600 гаруй, хоногт 7-8 хүн нас бардаг тухай харамсалтай мэдээ бий. Цаашид ч энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай. Тиймээс одоо л энэ өвчлөлд анхаарал хандуулахгүй бол оройтно. Эрүүл мэндийн систем байгаагийн гол зорилго ард иргэдээ урт наслуулах. Хэдийгээр 30 тэрбум төгрөг их сонсогдож байгаа  боловч олон жилийн үр ашгаа бодвол харьцангуй бага тоо. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2014 оны үлдэгдэл 80 тэрбум, харин өнгөрсөн оных 50 гаруй тэрбум төгрөг бий. Энэ мөнгөнөөс л 30 тэрбумыг төсөвлөөд өгөөч гэж байна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 8000 төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 40 гаран мянган төгрөг төлж байна. Тэр хэмжээгээр Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өснө. Тиймээс энэ мөнгийг төсөвт суулгах бүрэн боломжтой. Нийт нас баралтын 15 хувийг элэгний өвчлөл эзэлж байхад Эрүүл мэндийн даатгалын сангаас 0,5 хувийг энэ өвчлөлийг бууруулахад зарцуулж байна. Нэг хувь ч хүрэхгүй байна шүү дээ. Уг нь энэ байтугай хувийг зарцуулах ёстой.

-Элэгний архаг өвчлөлтэй хүмүүс төрийн гэхээс илүү хувийн эмнэлэгт хандах нь бий. Учир нь хувийн эмнэлэг оношилгоо, эмчилгээ гээд үйлчилгээ сайтай. Гэтэл хувийн эмнэлэгт эмчилгээний зардал өндөр. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Тэр үнэн. Гэхдээ ЭМД-ийн хууль гэж бий. Энэ хуульд улсынх, хувийнх гэж ялгалгүй эрүүл мэндийн даатгалтай иргэн хүссэн эмнэлэгтээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Харамсалтай нь, хэрэгжиж чадахгүй байгаа. Гэхдээ хувийн эмнэлгүүд эхнээсээ вирус тоолуулах шинжилгээний үнээ хямдруулсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан